“Ice top” хамтлагийнхан цагаан сарын шинийн хоёронд “UB Palace”-ын концертын их танхимд хип хопчдыг доргион “нөхөрлөл”-ийг тунхаглан зарласан юм. Тэд жил бүр уламжлал болгон фенүүдтэйгээ шинэлдэг бөгөөд энэ жил 16 жилийн ойд зориулан тоглолтоо “Нөхөрлөл мандтугай” нэртэйгээр нижгэр хийлээ. Эрийн цээнд хүрсэн тэд шинэ залуу хип хоп хамтлагийг тайзнаа урин залсан нь “Хишигтэн” байсан юм. Гурван зулаа хип, хопч өөрийн анхны уран бүтээлээ энэ л тайзнаа дуулгасан. Нөхөрлөлд насны хязгаар гэж үгүй. Тиймдээ ч тэд нөхөрлөлийн үнэ цэнэ цаг хугацааны шалгуураар танигддаг гэдгийг энэ л тайзнаа гэрчлэн харуулсан. “Ice top” дуучин BX-тэй хамтран “Амьдрал өөрөө сак”, дуучин Үүрээтэй хамтран “Энэ миний хайр”, Gavana-тай хамтран “Хотоо цэвэрхэн байлгацгаая”, “Дижитал” хамтлагтай хамтран дуулан фенүүдээ доргиосон нь нөхөрлөл нь ямар урт настайг үзүүлсэн.
“Миний муу нийслэл”, “Пон пон”, “Бидний мэдэх найз”, “Анхны хайр” ар араасаа тайзыг доргион үзэгчдийн цусыг хөөргөсөн тэд “Нөхөрлөл мандтугай”-г тунхагласан.
Тоглолтын бас нэг сюрприз бол үзэгчдийн дундах бүжгийн тулаан. Тайзнаа монгол дээлтэй залуу, хип хопоор амьсгалсан охид, залуус гээд есөн бүжигчин цуглан халуунхан өрсөлдөөн болоход эмэгтэй оролцогч ялагчаар тодорч, эрчүүдийг ардаа хаясан шүү. “Ice top” хамтлагийнхан шилдэг бүжигчинд өөрсдийн тоглолтын зургийг жаазлан бэлэглэж, 300 мянган төгрөгөөр урамшуулсан юм.
Шинэ уран бүтээл, шинэ хэмнэл, шинэ өнгийг хүлээж байсан зарим фенүүд нь гонсгор үлдсэн бол зарим нь нэг дор хуучны хит дуунуудыг амьд хөгжимтэй сонсох сайхан байна, энэ чинь л шинэ уран бүтээл хэмээн магтаж байгаа нь дуулдсан юм.