Хуучирсан мэдээ: 2013.02.14-нд нийтлэгдсэн

Залуу зохиолч Бандийн Болормаагийн богино өгүүллэгийг хүргэж байна. Хүн болгон өөрийн гэсэн аз жаргалтай. Харин түүнийгээ олохын тулд эхлээд зовлон дундуур туучин гарах хэрэгтэй болдог.

Аз жаргал

Ангийн багш нь өдөр дунд Амираг дуудууллаа.

Юу гэж хэлэх гэж байгааг нь мэдэж байсан тул дуртай дургүй хөлөө зөөн алхсаар байнга шахуу дуудагдсаар бараг танил болсон багш нарын өрөөний хуучин модон хаалгыг зөөлөн тогшив.

Байн байн нүднийхээ шилийг дунд хуруугаараа эв хавгүйхэн янзлах хижээл насны багш эмэгтэй гарч ирээд Амираг дагуулан булангийн цонхны дэргэд очлоо.

“…чи өөрийгөө нэг хараач, анги хамт олныхоо, багшынхаа, цаашлаад сургуулийнхаа бүр адаглаад өөрийнхөө нэрийг бодооч, хэзээ ч миний удирдсан ангийн хүүхдүүдээс чам шиг гэдсээ чирч байсан нь байхгүй” гэв.

Өмнөх өдөр нь багш нь сүглэгэр том моддын доор цуглаад хонхны баярын талаар хөөрөн ярилцах ангийнханых нь дунд нэг айхтар хоолойгоо зассанаа “Тэр хонхны баяр маяр яах вээ, энэ гэж нэг юм тахиа шиг өндөглөж, тарвага шиг өөхөлсөн шалхайсан шар авгай болох шинжтэй, та нар өөр өөрсдөө дор бүрнээ замбараатай байхгүй бол энүүний мөрөөр алхана шүү дээ. Ямар юмных нь аз жаргалтай амьдрал, мөрөөдөхийн ч хэрэггүй” гэв. Хүүхдүүд түүн рүү өрөвдсөн, дооглосон зарим нь багш руу илт тал зассан байдалтай харахад

Амира: “багшаа тэгвэл таныхаар аз жаргал гэж юу юм бэ” гээд чангаар асууж орхилоо. Барагтай бол инээдэггүй багш түсхийтэл инээд алдаж “чи одоо энүүхэнийг мэдэхгүй байна гэж үү, чи аз жаргал гэж мэдэхгүй байгаа юм чинь, түүнийг хэзээ ч олохгүй” гэв. Амира “үгүй ээ хүн болгоны төсөөлдөг аз жаргал өөр өөр байдаг юм аа. Таны хувьд хоёр дээд сургууль төгсөж цаашдаа улам амжилттай ажиллах аз жаргал юм бол миний хувьд яг ээж шигээ хөөрхөн охинтой болох л аз жаргал”. Ингэж хэлмээр байсан боловч урьд шөнийн зүүдэнд нь ирж хэвлийг нь зөөлөн илбэсэн ээжийнхээ гарыг бодон өөрийн эрхгүй зангиран гарч байгаа нулимсаа шороон дээр дуслуулан чимээгүй тонгойн суулаа.

Тэр доор газарт хүртэл нэг жижигхэн шоргоолж манцуйтай хүүхэд шиг том цагаан авгалдайгаа үүрээд хурдалж явна.

Ээжийн ганц охин, ээж нь ч бас хүний ганц үр. Нүдэнд торох бараагүй цагаан талд бороо тосон мөчирөө сарвайж ургах ганц мод шиг хүний тавилан ямар өрөвдмөөр байдгийг өмд гутлаа булаацалдаж өнөр өтгөн өссөн түүний багш мэдэхгүй.

Бас Амира охин залуугаараа өөд болсон эхээсээ үлдсэн урт хар гэзгийг нь чихмэл тоглоомынхоо дотор хийж үнэр нь бараг арилсан ч тэврээд унтах бүртээ ээнэгшин, ээнэгшин санаа алддагийг ч мэдэхгүй.

Эл хульхан том байшингийн дунд гэрийн бараа хардаггүй аавыгаа хүлээж суугаад нэг л мэдэхэд ширээ дэрлээд унтчихсан байдаг түүнд хүн гэдэг амьтанд хүүхэд гэдэг ямар эрхэм эрдэнэ болохыг адын нүдээр тавлан харж байгаа хэн бүхэн мэдэхгүй.

Маргааш өдөр нь Амира сургуульдаа ирсэнгүй.

Гэхдээ том хүрэн самбар дээр “ АЗ ЖАРГАЛ ГЭЖ ХҮРЭХ НЭГЭН ӨРТӨӨ, ОЧИХ НЭГЭН ЗОГСООЛ БИШ, АЯЛАХ ЯВЦ ЮМ, ХҮН БҮХНИЙ АЗ ЖАРГАЛЫН ЗАМ ӨӨР ӨӨР БАЙДГИЙН УЧИР БИ ӨӨРИЙНХӨӨ АЗ ЖАРГАЛЫН ГАЛТ ТЭРГЭНД АМЖИЖ СУУХААР ЯВЛАА, ТА БҮХЭНДЭЭ ТӨГСӨЛТИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЬЕ, ХҮНДЭТГЭСЭН АМИРА” гэж томоор дурайтал бичээд үлдээжээ.

                                                                                                               2012-10-28
Стокгольм хот.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж