Тодруулбал, Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон аймаг бүрийг хот болгон хөгжүүлэх, аймаг бүрт мянган айлийн орон сууц барих ажлын зураг төслөө аймгууд Барилга, хот байгуулалтын яаманд танилцуулсан юм. Үүний дараа салбарын яам нь аймгууд дахь Газрын харилцаа, бодлогын албадуудтайгаа гэрээ хийж, гэрээний хэрэгжилтэд яамны зүгээс хяналт тавьж ажиллах юм байна. Энэ талаар Барилга хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Эрдэнэцэцэгээс тодрууллаа.
-Энэ онд БХБЯ-наас ямар ажлуудыг хийхээр төлөвлөсөн бэ?
-Бүх аймгуудыг хөгжүүлэх хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөгөө хийгдэнэ. 1000 айлын орон сууцтай холбоотой инженерийн дэд бүтцийн зураг гарч, барилга угсралтын ажлууд эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор 21 аймагт инженерийн дэд бүтэц, ус хангамж, цэвэрлэх багууламжуудыг барих ёстой. Мөн орон нутагт барилгын материалын үйлдвэрүүдийг хөгжүүлэх зэрэг ажлыг холбогдох яамдуудтайгаа хамтарч гүйцэтгэхээр төлөвлөөд байна.
-2012 оны ажлын гүйцэтгэл ямархуу гарсан бэ?
-2012 онд аймгуудын хөгжлийн зураг төслийн ажил хөрөнгө мөнгөнөөс болоод зогссон байсан бол энэ жил Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамнаас нэлээд анхаарч ажиллахаар болсон. Энэ ажлын хүрээнд БХБЯ-ны дэргэд “Хот байгуулалт зураг төслийн институт”-ыг байгуулсан. Энэ институт маань орон нутагт барих нэг хэв маягийн зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэнэ гэлээ.
Уг уулзалтын үеэр танилцуулагдсан аймгуудын хөгжлийн төлөвлөлт, зураг төслөөс харахад Сүхбаатар аймаг илүү бодит ажил хийсэн байна гэдгийг яамнаас онцоллоо. Тус аймаг 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөгөө гаргасан бөгөөд өнөөдрийн байдлаар 10 га газрыг чөлөөлж 100 авто машины гараж барьсан байна. Мөн аймагтаа асфальтын үйлдвэртэй болж, орон нутгийн чанартай хэд хэдэн замыг асфальтаар бүрсэн, орон сууцны хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу канад дүнзэн байшингуудыг барьж эхэлсэн байна. Үүнээс гадна Баруун-Уртад “Жавхлант” жишиг хороолол байгуулан дэд бүтцийн асуудлыг нь бүрэн шийдэж, дахиад дөрвөн суманд жишиг хороолол байгуулж эхэлснээ аймгуудын газрын алба, БХБЯ-ныханд үзүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна.
Харин Хэнтий аймагт энэ онд” Чингис цогцолбор”-ыг байгуулахаар Соёл урлаг,аялал жуулчлалын яамтай хамтран зураг төслийн уралдааныг хоёрдугаар сарын 1-нээс зарласан байна. Зураг төсөл гарсны дараа бүтээн байгуулалтын ажлууд дээрээ тендер зарлан, барилгын ажлыг эхлэх гэнэ. Энэ мэтчилэн аймаг тус бүр хийсэн болон хийх гэж буй ажлынхаа талаар танилцууллаа.