Дотоодын цэргийн 805 дугаар ангийн алба хаагч ахлах ахлагч Б.Алтангэрэл, дэд ахлагч Ч.Анхбаяр нар өнөөдөр 03.50 цагийн үед Тасганы овооны усан сангийн орчимд эргүүлээр үзлэг хийж явах үедээ шатаж байсан байшингаас зургаан хүнийг гаргаж, амь насыг нь аварчээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн VIII хороо Усны гуравдугаар гудамжны 0043 тоот хашаанд байрлах хоёр давхар модон байшингийн дээврийн хэсэгт гал гарч эхэлснийг хоёр ажилтан анзаарч, холбогдох байгууллагад дуудлага өгчээ. Улмаар ахлах ахлагч Б.Алтангэрэл гал гарсан байшингийн хашааг давж орж, байшинд гэрийн эзэд болох зургаан иргэнийг унтаж байхад нь сэрээж, гэрээс нь гаргаж, угаартаж амь насаа алдахаас аварчээ.
Дуудлагын дагуу Гал унтраах X ангийн галын хоёр машин ирж, байшинд дэгдсэн галыг бүрэн унтраажээ.
Д.ЖАРГАЛ