УБ-Баян-Өлгий чиглэлийн замыг өнөөдөр нээнэ

Хуучирсан мэдээ: 2013.02.14-нд нийтлэгдсэн

УБ-Баян-Өлгий чиглэлийн замыг өнөөдөр нээнэ

Сар шинийн баярын өдрүүдэд зарим аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурсантай холбоотойгоор зарим замыг хаагаад байгаа. Энэ талаар болон баярын өдрүүдэд осол, гэмтлийн гаралт ямар байсныг Онцгой байдлын ерөнхий газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны ажилтан Т.Дуламсүрэнгээс тодрууллаа.

-Баярын өдрүүдийн ачаалал ямар байсан бэ? 

-Онцгой байдлын албанд холын замд машин тэрэг нь саатсан, цасанд суусан гэх дуудлагууд зонхилох хувийг эзэлж байна. Улсын хэмжээнд иргэд сар шинийн баярыг осол эндэгдэлгүй, тайван сайхан тэмдэглэж өнгөрөөлөө. Гэхдээ баяр хуучраагүй байгаа тул хөдөө орон нутаг руу аян замд гарахдаа цаг агаарын байдлыг судалж, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг харгалзаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

-Одоогийн байдлаар хаагдсан зам, даваа байгаа юу?

-Говь-Алтай аймгийн Шарга, Дэлгэр сумдын нутгаар улсын чанартай автозамын дагуу цасан шуурга шуурч, тээврийн хөдөлгөөнд саад учруулах нөхцөл үүссэн тул Зам тээврийн яамны хүсэлтийн дагуу Улаанбаатар-Баян-Өлгий чиглэлийн замыг өчигдрийн 13 цагаас эхлэн түр хугацаагаар хаагаад байсан. Харин өнөөдөр цасан шуурга зогссон тул энэхүү замыг өнөөдөр 13.00 цагт нээнэ.

-Баярын өдрүүдэд иргэд төөрөх, осгох осол гарсан болов уу?

-Орон нутгийн 40 гаруй цэг дээр ажлын хэсэг бэлэн байдалд ажиллаж байгаа. Малд яваад төөрсөн, осгосон тохиолдол гараагүй байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж