Жил жилийн сар шинийн шинийн 8-нд Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүд, аймаг, нийслэлийн намын дарга нар Сүхбаатар аймаг руу явж Шилийн Богдод гаран хийморь лундаагаа сэргээдэг уламжлалтай. Тэр ч жишгээр энэ жилийнхээ аяллыг төлөвлөөд байсан нь энэ удаад хойшилсон байна. Учир нь Сүхбаатар аймагт энэ өдрүүдэд Хөдөлмөрийн яамнаас санаачлан, хөдөлмөр эрхлэлт, хөдөөгийн хөгжлийг дэмжих асуудлаар Сүхбаатар аймагт 300 гаруй төлөөлөгч оролцсон томоохон чуулган зохион байгуулахаар болсон аж. Тиймээс Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь намынхаа ҮЗХ-ны гишүүдийг хүлээж авах боломжгүй гэсэн байна. Тиймээс энэ удаагийн Шилийн Богд руу хийх аялал тодорхойгүй хугацаагаар хойшилж байгаа бололтой. Тэглээ яалаа ч тус намын нөхдүүд ирэх Ерөнхийлөгчийн сонгуулиас урьтаж, дөрөвдүгээр сардаа багтан Шилийн Богдод гарахаар тохиролцсон байна.
Д.ЦЭЭНЭ