Усан могой жилийн анхны уралдааны талаарх мэдээллийг бид шуурхай хүргэж байгаа билээ. Өндөр бооцоот уламжлалт уралдааны соёолон насны морьд дөнгөж сая барианд орлоо. 15 хурдан хүлэг гарааны зурхайгаас эргэж, Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, “Алтай констракшн” ХК-ийн захирал, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хүрэн соёолон түрүү магнайгаар тодорч, эзнийхээ шинэхэн цолыг мялаалаа. Харин аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Б.Шагдаржавын ногоон, айргийн гуравт Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул Х.Энхтайваны хул, айргийн дөрөвт Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул Б.Отгонбаатарын хээр, айргийн тавд Булган аймгийн морин спорт уяачдын холбооны тэргүүн Ж.Бат-Эрдэнийн Зам тээврийн Буган хээр тус тус хурдаллаа.Тун удахгүй түрүүлж айрагдсан морьдын цолыг дуудан шагналыг дуудах бөгөөд түрүү хүлгэдээ тус бүр 15 сая төгрөгөөр мялаах аж.
Эх сурвалж: www.Todmagnai.mn