Хуучирсан мэдээ: 2013.02.13-нд нийтлэгдсэн

Өнөө шөнө “Аваргуудын лиг”-ийн шөвгийн 16-д учраа таарсан Английн “Манчестер Юнайтед” болон Испанийн эзэн хааны гэгддэг “Реал Мадрид” багуудын эхний “тулаан” болно. Реалын цэнгэлдэх Сантьяаго Бернабэуд Английн “Улаан чөтгөрүүд” зочлох энэ тоглолт 2013 оны “Аваргуудын лиг”-ийн хамгийн онцлох тоглолтын нэгээр нэрлэгдэж байна. Энэ тоглолтод дэлхийн шилдэг дасгалжуулагчид болох Сир Алекс Фергюсон “Онцгой нэгэн” Жозе Моуриньогийн, дэлхийн шилдэг хөлбөмбөгч Криштиан Роналду, Кака тэргүүтэй “Эзэн хааны албат”-ууд сүүлийн үед Английн лигт “босоо” байгаа “Улаан чөтгөрүүд”-ийн эсрэг тоглоно.

Мөн 2003-2009 оны хооронд “Улаан чөтгөрүүд”-ийн эгнээнд тоглож байсан Португалийн од Криштиан Роналду хуучин багийнхаа эсрэг анх удаа тоглохоор болсон нь сонирхол татаж байна. Роналду “Ман Ю”-д зургаан жил хүчин зүтгэхдээ 292 тоглолтод оролцож, 118 гоолыг оруулсан байна. Харин 2009 онд дэлхийн хамгийн өндөр үнэтэй хөлбөмбөгч буюу 80 сая фунт стерлингээр Мадридийн “Реал”-д зарагдсан юм. Тэрбээр “Реал”-ын төлөө 179 тоглолтод 182 гоол оруулсан гэсэн үзүүлэлттэй байна. 

Английн хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид Криштиан Роналдуг 2006 оны дэлхийн аваргад гаргасан үйлдлийнх нь дараа тэр бүр таашаахаа больсон. Тухайн үед Португалийн шигшээ баг шөвгийн наймын тоглолтод Английн шигшээ багтай таарч тоглоход Рүүни дээр гаргасан үйлдлийнх нь төлөө Англичууд Роналдуг эерэгээр хүлээж авдаггүй. Харин энэ удаад ямар үйлдэл гаргах бол гэж англичууд хүлээж байгаа.

Хоёр багийн тоглолт монголын цагаар 03:45 цагт Реалын цэнгэлдэх Сантьяаго Бернабэуд болно.

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж