Татварын хөнгөлөлтөд амжиж хамрагдаарай

Хуучирсан мэдээ: 2013.02.13-нд нийтлэгдсэн

Татварын хөнгөлөлтөд амжиж хамрагдаарай

Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх хүмүүсийн материалыг хүлээж авах хугацаа дуусах дөхжээ. Хэрэв та 2012 онд амьдрах зориулалтаар орон сууц анх удаа худалдан авсан, сургалтын төлбөрт мөнгө тушаасан бол татварын хөнгөлөлтөө эдлэх боломжтой бөгөөд хоёрдугаар сарын 15-ны дотор хэрэгцээт материалуудаа бүрдүүлж өгөх юм. Энэхүү татварын хөнгөлөлтийг хоёр төрлөөр эдлэх боломжтой. Тухайлбал,

Та тухайн жилдээ буюу 2012 цалин хөдөлмөрийн хөлс гэрээт ажлын хөлс бусад хувь хүний орлогоосоо албан татварын тооцоо хийсэн, банкнаас зээл авсан хөрөнгөөрөө анх удаа, амьдран суух зориулалтаар орон сууц барих, эсвэл худалдан авсан бол орон сууцны хөнгөлөлтөнд хамрагдаж болно.

Нэгдүгээрт, орон сууцны хөнгөлөлтөнд:

·    Хорооны засаг даргын тодорхойлолт
·    Иргэний үнэмлэхний хуулбар
·    Татвар төлөгчийн иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр
·    Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
·    Ажлын газар болон цалингийн тодорхойлолт
·    Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, байрны ордерийн хуулбар
·    Таны байрны худалдах, худалдан авах гэрээ
·    Байранд төлсөн мөнгөний баримт
·    ҮХХ борлуулсны 2 хувийн татвар төлсөн баримт
·    Танд зээл олгосон байгууллагын тодорхойлолт
·    Таны хадгаламжны дэвтэр, виза картны хуулбар хэрэг болох юм.

Хоёрдугаарт, сургалтын төлбөрийн хөнгөлөлт:

Албан татвар төлөгчийн төрсөн болон үрчилсэн хүүхэд нь гадаад, дотоодын их, дээд сургууль, коллежид элсэн сурч байгаа бол сургалтын төлбөрт төлсөн төлбөрөөс буцаан олгох юм. Мөн заавал эцэг, эх нь ажиллаж, татвараа төлсөн байх бус, их дээд сургуульд суралцахын тулд өөрөө төлбөрөө хийдэг ажилтан ч хамрагдаж болох ажээ. Ингэхдээ сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн тариф нь тогтсон 10 хувь. Жишээ нь, та 800 мянган төгрөгийн төлбөр төлсөн бол 10 хувь болох 80 мянган төгрөгийг буцаан авах боломжтой. 

  1. Хөнгөлөлт эдлэх иргэний бичсэн хүсэлт
  2. Эцэг/эх/-ийн болон хүүхдийн иргэний үнэмлэхний хуулбар /эх хувьтай нь тулгах эсвэл нотариатаар баталгаажсан байх/
  3. ТТО.ТБДэвтэр: Оршин суугаа газрын татварын албанд бүртгүүлж авсан дэвтэрт олгосон орлого, суутгасан татварыг бичих
  4. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар/дэвтэрийн нүүр, сүүлийн жилийн бичилт, тушаалтай хэсгүүд//эх хувьтай нь тулгах эсвэл нотариатаар баталгаажсан байх/
  5. Ажлын газрын ба цалингийн тодорхойлолт: Тухайн жилд цалин, нийгмийн даатгалын шимтгэл, татвар  төлж байсан талаарх баталгаажуулсан тодорхойлолт /12 сараар цалингийн задаргаа /
  6. Сургалтын төлбөрт төлсөн төлбөрийн баримт /сургалтын төлбөр төлсөн хөрөнгө нь албан татвар төлсөний дараах орлого гэдгийг нотлох баримт тайлбарын хамт/
  7. Суралцаж буй оюутаны сургуулийн тодорхойлолт /Гадаад сургалт нь албан ёсны орчуулгын товчоонд орчуулж баталгаажуулна./
  8. Эх нь эдэлж байгаа бол  хүүхдийн төрсөний гэрчилгээ болон гэрлэлтийн баталгааг нотариатаар батлуулсан байх
  9. Үрчилж авсан бол нотлох баримт /нотариатаар баталгаажсан байх/ зэрэг материалыг бүрдүүлэх хэрэгтэй ажээ. Ингээд эдлэх хөнгөлөлтийн мөнгөн дүн харилцан адилгүй тул харьяа дүүргийнхээ татварын хэлтэсээс лавлахаас гадна, дээрх материалаа хэлтэстээ бүрдүүлж өгөх юм.

Иргэдийн хувьд  хувь хүний орлогын албан татварын материал хүлээн авах хугацааг хойшлуулах саналыг их хүргүүлж байгаа ч заасан хугацаанаас хойшлуулах боломжгүй талаар албаныхан нь хэлж байгаа. Тиймээс татварын хөнгөлөлт эдлэх материалаа бүрэн бүрдүүлж амжаагүй байгаа иргэд нөгөөдрөөс өмнө бүрдүүлээд өгөх боломжтой гэдгийг сануулж байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж