Хуучирсан мэдээ: 2013.02.13-нд нийтлэгдсэн

Цагдаа ахын дохиур

Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээх усан могой жилийн сар шинийн өдрүүдэд буюу битүүний болон шинийн нэгэн, хоёронд нийслэлчүүд хотын захаараа их цугласан байсантай хэн ч санал нэгдэх биз ээ. Ахмад настнууд хотын дуу чимээ, хөл хөдөлгөөнөөс зайдуу санаа амар амьдрахын тулд хотын захыг барааддаг.  Тийм ч учраас Монгол түмний ургийн сайхан баяраараа ахмад настнуудаа дээдлэн, айл хотлоороо хуран цуглаж идээ шүүсний дээдийг зооглож, амар мэндээ мэдэхээр хотын захаар цуглах болсон. Энэ ёсоор нийслэлийн төв хэсгээр эзгүйрч, хотын захаар бужигналаа. Бүр ажиглах нь ээ, нийслэлчүүд өглөөгүүр хотын захаар бөглөрч, үдээс хойш нийслэлийн замын хөдөлгөөн төв хэсэг рүү ачаалагдах шиг.

Баярын өдрүүдэд цагдаа нар албаны бэлэн байдалд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан байна. Ингэхдээ нийслэлийн хэмжээнд 260 гаруй явган эргүүлийн чиглэлд ажилласан тухай Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. Мөн 50 чиглэлд машинт эргүүл ажиллахын хамтаар замын цагдаа, дотоодын цэргийн нэмэлт бүрэлдэхүүн хүч хавсарсан байна. Замын хөдөлгөөнийг зохицуулах цагдаагийнхан энэ их хөл хөдөлгөөний үеэр багагүй хичээл зүтгэл гарган ажилласан санагдлаа. Хотын захаар дөрвөн эгнээтэй замаар машинууд найман эгнээгээр зорчих шахам байв. Үүнийг цагдаа нар зохицуулж, туслах замаас гол зам руу орох машинуудын цувааг цагдаа зохицуулж, сөрөх урсгалыг хаан зогсч, машинуудыг оруулж байсан. Цагдаа ахын шидэт дохиур зөв цагтаа зөв газартаа шидээ гаргасан гэмээр. Хотын замын түгжээ иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн ч хүн бүрийн зорих газрыг шүүж үл болох билээ. Иргэн хүний нүдээр бол баярын өдрүүдэд энд тэнд цугласан бөөгнөрсөн хүмүүс, дарааллан зогссон машинуудын цуваа л нүдэнд буухын хажуугаар ажлаа хийж яваа цагдаа хотыг амар амгалан ,энх мэндийн манаанд буйг харах ч сэтгэлд элгэмсэг, Монгол түмэн сар шинэдээ өргөн дэлгэр, сайхан шинэлж байна. Айлчлан ирж буй усан могой жилдээ ард түмэн минь эрүүл энх, санасан үйлс бүр нь сэтгэчлэн бүтэхийг ерөөе.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж