Сирийн босогчид “Аль-Жаррах” баазыг хяналтдаа авчээ

Хуучирсан мэдээ: 2013.02.13-нд нийтлэгдсэн

Сирийн босогчид “Аль-Жаррах” баазыг хяналтдаа авчээ

Сирийн босогчдын “Чөлөөт арми”  хойд хэсгийн Халеб хотын ойролцоох стратегийн чухал ач холбогдолтой “Аль-Жаррах” цэргийн нисэх онгоцны баазыг эзлэн авсан тухай ВВС мэдээлжээ. Сирийн Хүний эрхийн ажиглагч нарын мэдээлснээр босогчид “Аль-Жаррах” цэргийн нисэх онгоцны баазыг эзлэн авах тулааны үеэр Засгийн газрын 40 орчим цэргийг олзлон хөнөөж, агаараас цохилт хийхэд өргөнөөр ашигладаг “MiG” байлдааны нисдэг тэргүүдийг гартаа оруулсан байна.  Үүнээс өмнө өнгөрсөн сард Сирийн босогчид Ерөнхийлөгч Башар аль-Ассадын армийн цэргүүдтэй бүтэн долоо хоногийн турш тулалдсаны эцэст “Тафтаназ” цэргийн нисэх онгоцны баазыг эзлэн аваад байжээ. “Тафтаназ” нисэх онгоцны баазад байлдааны нисдэг тэрэг, бөмбөгдөгч онгоц гэх мэт агаарын цохилтонд голчлон хэрэглэгддэг онгоцнууд байрладаг Башар аль-Ассадын Засгийн газрын цэргийн хангамжийн гол газар нь байсан аж. Түүнчлэн босогчид Рака мужид орших Халеб хотыг эрчим хүчээр хангадаг “Thawrа” усан цахилгаан станцыг мөн хяналтандаа авсан байна.

Сирийн босогчид аль-Жаррах нисэх онгоцны буудлыг эзлэн авахтай зэрэгцэн Турктэй хиллэдэг тус улсын Силвегозу хотод автомашинд тавьсан бөмбөг дэлбэрсний улмаас 10 хүн амь үрэгдсний гурав нь турк хүн байсан байна. Турк нь Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг эсэргүүцэгч орнуудын нэг бөгөөд сүүлийн үед тус улсын хилийн ойролцоо газруудад энэ мэт халдлага гарах нь ихэссэн аж.

НҮБ-аас мэдээлснээр Сирид үүсээд буй зөрчил мөргөлдөөний улмаас амь үрэгдэгсдийн тоо 70 мянгад хүрээд байгаа юм байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж