Цаг агаар, оршин сууж буй газар орон, үндэс угсаа үл харгалзан сая, сая дурлалт хосууд тэмдэглэдэг “Гэгээн Валентиний өдөр”-ийг эрт цагаас эхлэн тэмдэглэж байсан боловч V зууны үеэс өргөн тэмдэглэдэг болжээ. Мал сүрэг, ой мод, уудам та үржил шимтэй тариалан талбайг ивээн тэтгэгч Фавк бурханд зориулсан эртний Римийн Люперкаль бурханы баяраас уламжлан үүссэн хоёрдугаар сарын 14-ний өдрийг “Шувуудын хуримын өдөр” ч гэж нэрлэдэг байж. Тэр үед хайрын баярын өдөр охид хүүхнүүд өөрийн нэрийг цаасан дээр бичиж хайрцагт хийн, хайрцгийг залуучууд задалж аль нэг эмэгтэйн нэр бүхий бичгийг сугалан авч үүрдийн ханиа сонгодог байсан түүх ч бий гэнэ.
Хөгжилтэй хайрын баярын эхлэл гунигт түүхээс эхтэй гэж зарим нь үздэг. Эртний Римийн эзэн хаан “Клавдий 2” гэгч машид харгис нэгэн хаан 270 онд төр барьж байхдаа цус урсгасан их дайн хийдэг байжээ. Дайн самуунд ялалт байгуулаагүйдээ хаан ихэд бухимддаг байж. Цэрэг дайчид нь ч тулааны талбараас уйдаж, тухтай тайван амьдралыг эрхэмлэх болсон ч хаантан хурим найр хийх, гал голомтоо бадруулахыг хориглосон байна. Хааны хатуу шийдвэрт дургүйцсэн залуус авралт сайн хүнийг эрж хайх үед Римийн Терний хотын нэгэн санваартан Валентин гэгч таарчээ. Залуусын хүсэл сэтгэлийг гүнээ ойлгодог тэр ариун санваартан хэрүүл ам хийдэг эр эмийг эвлэрүүлж, ганц бие хүмүүс бие биедээ хайрын захиа бичиж, цэцэг бэлэглэхийг уриалсан байна. Идэр залуусыг “уруу татсан” тэрхүү ламтныг ухаан мулгуу, уур хилэнт “Клавдий 2” хаан баривчлан авч 270 оны хоёрдугаар сарын 14-нд цаазлан гэсгээжээ. Санваартан шорон гянданд тарчлан зовж байхад нь шоронгийн даргын сохор боловч гоо сайхан охин ламтанд тусалж асарч байсан тул ламтан түүнд үнэнхүү сэтгэл зүрхээрээ дурлаж, цаазлуулахын өмнө хагацлын захиа бичиж, захианыхаа төгсгөлд “чиний Валентин” гэж бичээд сарнай цэцэг хавчуулсан байжээ. Уг захидлыг, уншаад хараагүй охин хараатай болж, гоо үзэсгэлэн нь улам гайхам болон гэрэлтсэн гэдэг. Тэр цагаас эхлэн орон бүрийн залуус бие биедээ захиа бичиж, дурлал хайраа илэрхийлж цэцэг бэлэглэдэг уламжлалтай болж. Хайр сэтгэлээсээ болж хэлмэгдсэн Валентиныг 496 онд римийн папз Геласйүс цагаатган хоёрдугаар сарын 14-ийг гэгээн Валентиний өдөр болгон тэмдэглэж байхаар “зарлигдсан” гэдэг.
Хайрын өдрийн эхлэл ийм ажгуу. Харин үргэлжлэл уншигч таны хайрын түүхээр үргэлжилнэ.