ДАШТ-ий өмнөх нөхөрсөг тоглолтууд боллоо

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

ДАШТ-ий өмнөх нөхөрсөг тоглолтууд боллоо

Хоёр долоо хоногийн дараа хөшгөө нээх гэж буй FIFA-гийн 19 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх томоохон сорил гэж болох нөхөрсөг тоглолтууд дэлхийн өнцөг булан бүрт өнгөрсөн шөнө болж өнгөрлөө.

“Алтан дагина”-ын эзэн болно хэмээн ам бардам байгаа англичууд өчигдөр “Уэмбли” цэнгэлдэхдээ Мексикийн шигшээг хүлээн авч, тоглон 3:1 харьцаатай буулган авсан байна. Гэхдээ мексикчуудэд гоолын боломж нэг удаа тохиосон ч харамсалтай нь чулуу болгож чадаагүй. “Арсенал”-ын довтлогч Карлос Вела эхний хагаст хоёр ч удаа гоолдох дөхсөн боловч эзэн багийн хаалгач Роберт Гриний хаалгыг мялааж дөнгөөгүй юм.
Англичууд 17 дахь минутаас эхлэн тоглолтыг хошуучилж эхэлсэн. Капеллогийн удирдлага дор анхны тоглолтдоо оролцож буй хамгаалагч Ледли Кинг булангаас ирсэн цохилтыг мөргөж оруулснаар тооны харьцааг нээсэн байна. Тэд 34 дэх минутад тэргүүллээ бататгаж чадсан. Энэ удаад Уейн Рүүнигийн мөргөсөн бөмбөгийг Мексикийн хаалгач Оскар Перез амжилттай хаасан боловч ойсон бөмбөгийг Крауч хаалганд оруулж чадсан юм. Тоглолтын эхний хагас өндөрлөх мөчид Гильермо Франко ойрын зайнаас гоол оруулснаар тоглолтын эхний 45 минут 2:1 харьцаатай англичуудын ялалтаар өндөрлөсөн. Харин хоёрдугаар хагас эхлээд 47 дахь минутад “Ливерпуль”-ийн хамгаалагч Глен Жонсон гоолдсон нь энэ үеийн цорын ганц гоол байв.
“Уэмбли” цэнгэлдэхэд 88 мянга гаруй хөлбөмбөгийн хорхойтнуудыг цуглуулсан хоёр багийн тоглолтыг япон шүүгч Масааки Тома шүүн тунгаасан бөгөөд дэлхийн аваргын өмнө Капеллогоор удирдуулсан Английн шигшээ баг форм сайтай байгаагаа харуулж чадсан юм.
Мөн энэ үеэр БНСУ-ын баг 2:0-ээр Японы багийг буулган авсан бол Австралийн шигшээ баг нутагтаа хөрш Шинэ Зеландын багийг хожжээ.
Өнгөрөгч хоёрдугаар сард Токио хотноо Зүүн Азийн наадамд 3:1 харьцаагаар Японы шигшээг хожиж байсан Өмнөд Солонгосын баг энэ удаад Пак Чи-сон, Пак Чу-ён нарын гоолын ачаар эртнээс тоглолтын хувь заяаг шийджээ. “МанЮ”-гийн хагас хамгаалагч Чи-сон зургаа дахь минутад тооны харьцааг нээсэн бол Францын “Монако”-д хүчин зүтгэж буй довтлогч Чу-ён эхний хагас өндөрлөхийн өмнө тооны харьцааг холдуулсан байна.
2006 онд Германд болсон дэлхийн аваргад далайн бүсийн орнуудын сонгон шалгаруулалтын плей-оффын шатанд хожиж, дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ авч байсан Австраличууд энэ удаад Өмнөд Солонгос болон Японы багийн адилаар Азийн сонгон шалгаруулалтаас эрхээ авсан юм. Харин Шинэ Зеландын багийн тухайд 1982 оноос хойш хоёр дахь удаагаа шилдэг 32-ын тоонд багтсан бөгөөд далайн бүсийн орны сонгон шалгаруулалтыг тэргүүлж, улмаар плей-оффт Бахрайны багийг хожсоноор Өмнөд Африкийг зорих боломжтой болсон билээ. Харин өнгөрсөн шөнө Мелбурн хотноо болсон хөрш орнуудын тоглолт өрнөхөд 16 дахь минутад Крис Киллен гоолдсоноор Шинэ Зеландын багт тэргүүлэл авчирсан боловч хоёрдугаар үе эхлээд 57 дахь минутад Дарио Видосич тэнцээний бөмбөгийг оруулсан байна. Улмаар тоглолтын эцсийн шүгэл дуугарахын өмнөхөн хагас хамгаалагч Бретт Холмэн ялалтын гоолыг оруулжээ.
Түүнчлэн Португалийн Ковильян хотноо өрнөсөн “Европын бразил” гэгддэг Португаль болон Капе Верде арлын багийн тоглолт гоолгүй тэнцээгээр өндөрлөсөн байна. Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч Криштиан Рональду бүтэн 90 минут талбайд тоглосон боловч багтаа ялалтын гоол оруулж чадаагүй юм.
Харин дэлхийн аваргын “нийслэл” Өмнөд Африкийн баг мөн өнгөрсөн шөнө Йоханнесбург хотноо Болгарын багийг хүлээн авч тоглон эвийн гэрээ байгуулсан бол Буэнос-Айрос хотноо Аргентиний шигшээ 5:0-ээр Канадын багийг бут ниргэсэн байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж