Бооцоот уралдааны азарга, их морь барианд орлоо

Хуучирсан мэдээ: 2013.02.13-нд нийтлэгдсэн

Бооцоот уралдааны азарга, их морь барианд орлоо

Өтгөсөө өргөж, нялхсаа тэтгэдэг сар шинийн баяр дээр баяр нэмж усан могой жилийн анхны уралдаан өнөөдөр Цагаанхөтөлд зохион байгуулагдаж буй. 1,5 сая төгрөгийн бооцоот уралдаан азаргаар эхэлж 30 гаруй хурдан туурт тоосоо өргөлөө. Могой жилийн өнгө тольдох анхны уралдаанд Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Ч.Гансумын хар азарга түрүүлж, Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Г.Хадбаатарын хээр алаг удаалж, айргийн гуравт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Өнөрбаяны хулгар хээр, айргийн дөрөвт Төв аймгийн Бүрэн сумын уугуул Н.Улам-Өрнөхийн хар, айргийн тавд Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Ч.Пэрэнлэйн сартай хар азарга  тус тус хурдаллаа. Халтар азарганы уяаг Тод манлай уяач Д.Мөнхбатын хүү М.Цэрэндамба тааруулжээ. Хар азаргаа дөрөвт хурдлуулсан Н.Улам-Өрнөх өнгөрсөн жилийн өндөр бооцоот уралдаанд бор морио айрагдуулсаныг  морь сонирхогчид санаж буй бизээ.

Харин их насны морьдын уралдаанд  40 гаруй хурдан ажнай шандас шалгаж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Баатарчулууны хул түрүүлэн, Төв аймгийн Борнуур сумын уугуул Ц.Баттөрийн хар, айргийн гуравт Улаанбаатар хотын Гачуурт тосгоны  Д.Батмөнхийн ногоон, айргийн дөрөвт Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул Л.Тулгын хээр, айргийн тавд Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Д.Ганзоригийн хүрэн морь тус тус хурдаллаа. Соёолон насны морьдын уралдааны мэдээллийг бид тун удахгүй хүргэх болно.

А. МӨНХ-ЭРДЭНЭ

Эх сурвалж: www.Todmagnai.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж