Шинийн нэгэнд хоёрны сар мандав

Хуучирсан мэдээ: 2013.02.13-нд нийтлэгдсэн

Шинийн нэгэнд хоёрны сар мандав

Шинийн нэгний үдэш тэнгэрт сар мандахыг харав. Тэнгэрийн хаяаг бүрхсэн утаа  униар, манангаас бүр дээр, дээш харсан байрлалтай зурвас хавирган сар нэлээд удаан үзэгдлээ. Шинийн хоёрны сар гэдэг нь тодорхой байсан бөгөөд дээш харсан байрлалтай байвал дараа сардаа хүйтэн, жавартай байдаг гэж хуучуул хэлдэг. Тэр ёсоор бол хоёрдугаар сард хүйтний эрч төдийлөн харихгүй байж мэдэх юм.

Түүний дараахан ТВ9 телевизээр нэг ламтан ярьж байна. “Зарим хүн сар харсан гэж хэллээ. Энэ бол шинийн нэгний сар. Тийм сарыг буян заяатай, цог хийморьтой хүн хардаг. Их мэлмий сайтай улс тэр сарыг харсан байх” хэмээн тэр ламтан нэлээд ёжлонгуй, бас омогдонгуй хэлнэ лээ. Ламтны айлдсанаар хийморь лундаатай хүнд шинийн нэгний сар харагддаг бол монголчууд бүгдээрээ могой жилдээ цог золбоотой явах нь гарцаагүй. Гэхдээ хятадууд манай битүүний өдөр шинийн нэгэн, сар шинийн баяраа тэмдэглэсэн байх юм. Хуанли дээр нь ч манай битүүний өдрийг шинийн нэгэн, манайхаар шинийн нэгнийг шинийн хоёрон хэмээн тэмдэглэжээ. Хятадуудын хэрэглэдэг шар зурхайг уугуул монгол зурхай гэж уг нь үздэг. “Шарсан мах анддаггүй шар зурхайч” гэж эртнээс хэлэлцдэг байсан. Ингэхэд манай зурхайчид сар шинээ нэг өдрөөр алдаж зурсан уу, эсвэл бид бүгдээрээ билгийн хурц мэлмийгээр шинийн нэгний ховорхон сарыг үзэцгээв үү.

Facebook-чдын дарсан гэрэл зургаас

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж