Европийн хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн хасагдах шатны тоглолтууд өнөө шөнө 03:45 цагаас эхэлнэ. Ингэснээр “Аваргуудын лиг”-ийн шөвгийн наймын төлөөх сонирхолтой “тулаанууд” хөшгөө нээж байгаа юм. Өнөө шөнө Шотландын “Селтик” Италийн “Ювентус”-ыг, Испанийн “Валенсия” талбайдаа Францын “ПСЖ” багийг хүлээн авна. Харин эдгээр багуудын тоглолтуудаас илүүтэй өвлийн солилцоо наймааны цонхоор “ПСЖ” ирсэн Английн алдарт хөлбөмбөгч Дэвид Бекхэм талбайд гарах эсэх фанатуудын хамгийн хүсэн хүлээж буй зүйл болж байна.
37 настай Английн шигшээ багийн ахлагч асан Бекхэм “ПСЖ” багийн бүрэлдэхүүнд бэлтгэлээ базааж буй юм. “ПСЖ” багийн дасгалжуулагч Карло Анчеллоти Бекхэмийг ирэх ням гаригт Францын “Лиг 1”-ийн 25 дугаар тойрогт “Сошо” багийн эсрэг тоглоно гэж мэдээлсэн юм. Бекхэм “ПСЖ” багаас авах цалингаа Парисийн хүүхдийн асрах газарт хандивлахаар болсон. Түүний хамгийн том зорилго нь “Аваргуудын лиг”-т зургаан жилийн дараа амжилттай тоглох гэнэ.
Б.БИЛЭГ