Цагаан сар ба “Зэлтэрийн гацаа”

Хуучирсан мэдээ: 2013.02.12-нд нийтлэгдсэн

Цагаан сар ба “Зэлтэрийн гацаа”

Сар шинийн баярын энэ өдрүүдэд нийслэлийн төв замын хөл хөдөлгөөн сийрэг сайхан байна. Харин хотын төвөөр багтаж ядан явдаг машинууд хотын захын гэр хорооллын нарийхан гудамж, хагархай цоорхой болсон замыг харин ч нэг “хахтал”, урт дарааллыг үүсгэн түгжирч байна. Сар шинийн баярын өдрүүдийн хотын захын гэр хорооллын замын түгжрэлийг “Зэлтэрийн гацаа” гэж нэрлэсэн нь оносон мэт. Учир нь гэр хороололд гэрлэн дохио, замын тэмдэг, тэмдэглэгээ байдаггүйгээс жолооч нар өөрийн зохиосон дүрмийн дагуу зорчдог. Нэгэнтээ “Зэлтэрийн гацаа”-нд орсон бол түүнээс гарахын тулд хэдэн цаг зарцуулахыг хэн ч мэдэхгүй. Үүд хоймрын хэмжээний зайг туулахын тулд бүхэл бүтэн нэг цагийг зарцуулахад гайхах зүйлгүй. “Зэлтэрийн гацаа”-наас болж, бензин түлшгүй болж, унаж явсан машинаа түрж явах дээрээ тулах нь ч бий.

Өчигдөр буюу шинийн нэгний билэгт сайн өдөр “Зэлтэрийн гацаа”-нд орж, уур бухимдлаар дүүрэн сар шинээ угтагсад элбэг байлаа. 32-ын тойргоос Долоон буудал чиглэл, Эх нялхасын уулзвараас Баянхошуу, 220 мянгатаас Яармаг нисэх чиглэлийн зам болон гэр хорооллын гудамжууд автомашинаар дүүрэн байлаа. Өнөөх хотын төв замын түгжрэл гэгч гэр хороолол руу нүүчихсэн юм болов уу гэмээр харагдаж байлаа. Ахмад буурлууддаа золгохоор яарж яваа бол алхсан нь хамаагүй хурдан байсныг хүмүүс хэлнэ биз. Таксины жолооч нар хүртэл “Хаа хүрэх үү? Өө, наад зүг рүү чинь битүү түгжрэл, та нар яарж байвал алхчихгүй юу даа” гэсэн зөвлөгөөг өчигдөр харамгүй өгсөн. Жил бүрийн цагаан сараар захын хорооллын зам ингэж түгжирдэг. Харин энэ жилийн хувьд “онцгой” байлаа. Урин хавар болж, машинтай болгон нь баяраар машинаа унажээ. Дээр нь баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт байхгүй. Угаас хэн ч жилдээ ганцхан тохиох баяраар “Улсын дугаарын ялтай өдөр” гээд явган алхах билээ дээ. 

-Өнөөх өндөржүүлсэн бэлэн байдлаар ажиллаж байгаа замын цагдаа нар юу хийгээд байгаа юм бол оо гэж “Зэлтэрийн гацаа”-нд бухимдана. Учир нь гэр хороололд гэрлэн дохио, замын тэмдэг, тэмдэглэгээ байдаггүй тул жолооч нар өөрсдийн “зохиосон” дүрмийг дагуу зорчино. Зохицуулах цагдаа байсан бол ийм хэмжээний түгжрэл үүсэхгүй шүү дээ ам уралдан ярина. Харин тэд алдааг өөрсдөөсөө үл хайна. Хэсэгхэн зуурын тэвчээртэй хүлээлт ийм хэмжээний түгжрэлийг үүсгэхгүй байж болох шүү дээ.

-Жолооч нарын амиа хичээсэн, хүлээцгүй байдлаас болж түгжрэл улам бүр нэмэгдчихлээ. Хүн бүр ах дүү, ахмад бууралдаа золгохоор яарж байгааг ухамсарлахгүй юм гэж халаглах замын цагдаа нар өчигдөр хэнийг ч торгохыг хүссэнгүй. Уламжлалт цагаан сарын баяраар эгнээ байраа зөв эзлээгүй гэсэн шалтгаанаар бүхий л жолооч нар торгуулж болох байлаа. Гэр хорооллын хоёр эгнээ бүхий нарийхан замыг жолооч нар бүр тав эгнээ болгосон нь замын цагдаа нарт хүндрэл учруулна. Нэгэнтээ үүссэн “Зэлтэрийн гацаа”-ны учрыг тайлж, түгжрэлийг гаргана гэдэг замын цагдаа нарын толгойны өвчин болох аж. Аргагүй ч үгүй дээ. Хүйтэн, утаатай орчинд хүмүүсийн уур бухимдал дунд өдөржин зогсоно гэдэг хэцүү. 

Угаас цагаан сар гэдэг ахмад буурлаа хүндэтгэн, жилдээ нэг хүндэтгэн зочилдог эртний уламжлалтай баяр. Энэ л өдрүүдэд хотын төвийн хөл хөдөлгөөн бага, харин гэр хорооллын зам битүү түгжрээнд дарагддаг нь жил бүр анзаарагддаг юм. Энэ байдлаас харахад хотынхон ахмад буурлуудаа гэр хороололд суулгачихаад өөрсдөө байрандаа тухалдаг байх гэж ч бодогдмоор. Өнгөрсөн жилийн цагаан сараар ч ийм л байсна, түүний өмнө ч бас. Харин ирэх жилийн цагаан сараар яах бол…?

Аргагүй ч үгүй дээ. Хүйтэн, утаатай орчинд хүмүүсийн уур бухимдал дунд өдөржин зогсоно гэдэг хэцүү гэж өрөвдөх нэгэн ч бас бий.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж