Хуучирсан мэдээ: 2013.02.12-нд нийтлэгдсэн

Хаврын урь айсуй

Хахир өвлийг өнтэй давж, хатуу цагийг мэнд гэтэлсний баяраа монгол түмэн өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж байна.  Билгийн тооллын дагуу өнөөдөр шинийн хоёрны өдөр. Энэ өдөр ахмад настнуудынхаа амар мэндийг эрэх ёсон үргэлжилнэ. Мөн энэ өдөр монголчууд шинийн хоёрны сарыг жаргахаас нь урьтан харж хүслээ шивнэвэл биелдэг гэх ам дамжсан яриа байдаг. Жил ирэх тусам энэхүү аман яриа баяжин, итгэл үзүүлэн, сүслэн дээдлэгсэд олширсоор… Шинжлэх ухаан талаас нь шинийн хоёрны сарыг харсан хүний хүсэл биелдэг эсэхийг нь нотолж чадаагүй ч монголчуудын хувьд энэ өдөр мандсан саранд ач холбогдол өгсөн хэвээрээ л байна. Эрт дээр үеэс уул ус, нар сарыг шүтэж ирсэн монголчуудын хувьд эл уламжлалт сэтгэлгээ нь тэр жилийнх нь өнгийг дааж, тэр хэрээр амьдрал ахуйг нь тэгшилдэг ч байж мэдэх юм. Монголчууд байгалиа шинжин, цаг агаараа байдлыг тандан мэддэг олон жилийн уламжлалтай. Зурхай одон орны талаасаа ч шинийн хоёрны сар тарган байвал дулаахан, туранхай бол хүйтэн, мохоодуу байвал зөөлөн, шовгор  хурц хэлбэртэй байвал салхи шуургатай, налуу хэвтээ байвал тунадас ихтэй сар болохын дохио болдог гэдэг.

 Жил бүрийн сар шинийн нэгэнд аль амттай шимттэнээр зочдоо дайлж, сайн сайхан үгийг хэлэлцэн шинийн хоёрны өдрийг угтдаг монгол түмний хувьд сар шинийн хоёрны өдөр шинийн нэгнээс дутахааргүй их утга учрыг агуулсан уламжлалт өдөр болон хувирчээ.

Харин маргааш эхлэх сар шинийн гурванд улс орон даяар ажил өрнөнө. Луу жилийг арвин их ажлаар угтсан монголчууд могой жилийнхээ ажлын анхны шанг маргааш татна. Нэг үгээр хэлбэл, уудам Монгол орны өнцөг булан бүрт ажлын их өдөр ирнэ гэсэн үг. Малчны хотонд төлийн дуу цангинаж хөдөөгийнхнийг борви бохисхийлгэхгүй их ажил хаврын урь орсон энэ өдрүүдэд ундарч, тариаланчид талбай руугаа яарч, тариалалтдаа бэлтгэнэ. Мөн бүтээн байгуулалтын нөр их ажлаа эхлүүлэхээр яарч суугаа барилгачид, авто замчид ажлынхаа бэлтгэлийг хангана гээд энэ өдрүүдэд газар сайгүй ажлын их бэлтгэл хангагдана. Газар дэлхий гэсч, амьтад ичээнээсээ гарна. Энэ бүх хэмнэл хаврын урь гэлтэй.

Луу жилийг азтай хийморьтой үдсэн монгол түмэнд могой жилийн өнгө сайхан байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ард түмэндээ хэлсэнчлэн “Өвгөд, хөгшдөө нялхас мэт асран тэтгэж, хүүхэд нялхсаа өвгөд, хөгшид мэт дээдлэн дэмжиж явахыг нийт ард иргэдээсээ хүсэн ерөөе. Энэ жил гарч байгаа усан могой жил Монголын ард түмэнд буян заяагаа өгсөн, улс орны маань хөгжил дэвшил улам өөдрөг байхыг хүсэн ерөөе”.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж