“Булсара”-гаас амталсан шинэ “мэдрэмж”

Хуучирсан мэдээ: 2013.02.10-нд нийтлэгдсэн

“Булсара”-гаас амталсан шинэ “мэдрэмж”

“Булсара” хамтлаг удтал хүлээлгэсэн амьд тоглолтоо хийхээр товоо зарласнаас хойш энэ өдрийг тэсэн ядан хүлээсэн юм. Хэдийгээр цагаасаа нэлээд хоцорч эхэлсэн ч тоглолтын дараа тэрхүү хүлээлт ямар амттай байсныг мэдэрсэн. “Black Box” театрын тайзыг өчигдөр “Булсара” эзэгнэн ёстой л “амплаггет” тоглолтын гайхамшигийг мэдрүүллээ.

Bleeder метал урсгалаар тоглодог “Булсара” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ энэхүү гайхалтай тоглолтыг хийсэн бөгөөд тэдний хамт бөмбөрчин Жерри, даралтат хөгжимчин Батнаа, ХБК-ийн утсан хөгжмийн ангийн арван хөгжимчин, хоёрдугаар гитарчнаар “Х-Vit” хамтлагийн Түшгээ, морин хийлийн гурвал нар хамтран тоглосон юм.

Энэ л үдэш “Булсара” хамтлагийнхан “Bulsara”, “Empty World” цомгоосоо 15 дуугаа шинэчилсэн найруулгаар хүргэн юм. Танил үгтэй тэр л дуунууд танихгүй шинэ аялгуугаар хөглөгдсөн ч сэтгэлд нэг л ойрхон бууж байсан шүү. Тэдгээр шинэчилсэн дуунуудын өмнөхөөсөө зөөлрөн илүү уянгалаг болсон юм шиг санагдсан.

“Black Box” театрын тайзнаа “Булсара”-гын 10 жилийн ойдоо зориулсан  “Unplugged” тоглолтыг нээн,

“I’m bleeder and leader so bleeder угааасаа цуснаасаа rocker man
Хийвэл бүү ай, үүнээс айвал бүү хий
Мэлмийн нээлгэх дотор хүнээ шоронд бүү хий
I’m bleeder and leader so bleeder угааасаа цуснаасаа rocker man” хэмээх тэдний анхны уран бүтээл “Bleeder and Leader” доргиосон юм. Түүний араас “Now or never”, “Мөнхийн сэдэв”, “Жихүүн бороо” шаагин,
“Төгсгөгүйгээр дурлуулж байна чи намайг
Дуусашгүй мэт өрнүүн энэ л үедээ
Итгэлгүйгээр автаж байна би чамд” хэмээн “Надтай чи” хайрын дуу эгшиглэлээ.

Харин үүний дараа гэнэтийн Тамираа гэнэтийн бэлгээ задалсан. Энэ бол амплаггет тоглолтын зочинтой хамтран хүргэх дараагийн уран бүтээлийн эзэн байлаа. Тамираа “тайзнаа надтай хамт “Тэнгэрт нэг удаа” дууг дуулах “Харанга” хамтлагийн дуучин Лхагваа ахыг уръя” гэхэд үзэгчид алга ташин түүнийг дуу хадаан хүлээн авсан. Ямар гоё хослол байсан гээч. Тэд тэнгэрт ассан түймрийн утааг энэ л танхимд үнэрттэл дуулсан. Алгаа хорстол ташаад ч сэтгэл ханаагүй шүү.

Амплаггет тоглолт хэсэг зуур завсарлан хүмүүс өөр хоорондоо яриа өрнүүлэн “Black Box” театрын хоёр давхарт түр саатлаа. Тэнд “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Нисванис”-ын Амгаа, “Fire” хамтлагийн Далай, “Lemons”-ын Одноо, жааз дуучин Солонго мөн рокерууд цугласан байв. Сонирхолтой, гайхалтай тоглолт цааш морин хийлийн гурвалын хамт тайзнаа Тамираа гарч ирснээр үргэлжилсэн юм. Тэд “Баяртай гэж биднийг хэлтэл” дууг эгшиглүүлсэн. Энэ тоглолтын дууны шинэчилсэн найруулгыг онцлохгүй байхын аргагүй. “Булсара” тоглолтоороо дамжуулан нэг дор 15 шинэ уран бүтээлээ фенүүддээ хүргэсэн юм.

“Нисванис”-ын Амгаагийн хамт  “Эсрэг утгаар нь” дууг дууллаа. “Булсара” хамтлаг “Нисванис”-ын уг дууг өөрсдийнхөөрөө найруулж “Хоосон ертөнц” цомогтоо оруулж байсан бол дахин шинэчлэн хамтдаа дуулсан нь бүүр ч гайхалтай байсан шүү.

“Хоосон ертөнц”, “Алс энд”-ыг дэргэд мэдрүүлэн жааз дуучин Солонготой хамтран “Майдарын эрин” хүргэн юм.

Булсара хамтлагийн цөөхөн уран бүтээл клиптэй. Тэдний нэрийн хуудас болсон “Ийм л байг” дуу үзэгчдийн халуухан “атмосфер” дунд эгшиглэж, “Дуудлага” дуугаар амплаггет тоглолтоо өндөрлүүлсэн юм. Алгаа хорстол ташин, шүгэлдээд ч сэтгэлдээ буусан тэр гайхалтай мэдрэмж, сэтгэл хөдлөлөө дутуу илэрхийлчих гээд байгаа юм шиг тийм л халуухан амьд тоглолтыг үзлээ.

Сонирхуулахад, тэд “Unplugged” нэртэй энэхүү тоглолтоо DVD болгон гаргана гэсэн шүү.

Төрсөн өдрийн мэнд хүргэе, “Булсара”. Дахиулахсан амплаггет тоглолтыг чинь.

Г.ДАША

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж