Афзал Гүрүг цаазалсан тухай мэдээллээс үүдэн олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж, Кашмир мужийн хэмжээнд хөл хорио тогтоож, хамгаалалтыг өндөржүүлжээ.
Цаазын ялын гүйцэтгэл Энэтхэгт маш ховор байдаг. Афзал Гүрүг цаазалсан нь 2004 оноос хойшхи хоёр дахь тохиолдол юм. Өмнө нь 2008 оны Мумбайн аллагыг зохион байгуулсан алан хядагч Мохаммед Ажмал Касаб гэгчийг өнгөрсөн арваннэгдүгээр сард цаазалжээ.
2001 оны арванхоёрдугаар сард болсон халдлага нь Энэтхэгийн орчин цагийн түүхэн дэх хамгийн их дуулиан, шуугиан тарьсан хэрэг болсон юм. Шинэ Дели дэх Энэтхэгийн парламентын ордон руу 2001 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр таван босогч халдаж, цэцэрлэгч болон найман цагдаагийн амийг бүрэлгэжээ. Ордны хамгаалалтын албаныхан тэр даруй гал нээж, гэмт этгээдүүдийг буудаж хөнөөсөн байна. Энэтхэгийн зүгээс дээрх халдлагад пакистанчуудын гар хөл гэгдэх Жаиш-и-Мохаммед гэх цэргийн бүлэглэлийг буруутгадаг. Пакистаны зүгээс энэ хэрэг явдалд хамаагүй, оролцоогүй хэмээн мэдэгдсэн ч хоёр орны харилцаа асар мууджээ.
Халдлагыг зохион байгуулах төлөвлөгөөнд оролцсон гэх хоёр хүнд цаазын ял оноосны нэг нь Афзал Гүрү юм. Хожим нь нөгөө ялтан болох Шаукат Хуссайны ялыг хөнгөрүүлж, 10 жил хорих ялаар шийтгэжээ. Афзал Гүрү Дээд шүүхэд давж заалдсан боловч ялыг хэвээр үлдээсэн бөгөөд Энэтхэгийн Ерөнхийлөгчөөс өршөөл хүссэн ч татгалзсан хариу авсан байна.