Хэрвээ хайр чинь таныг орхин одвол…

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Хэрвээ хайр чинь таныг орхин одвол…

Хэрвээ таныг хайр чинь орхиод явбал, өөрөөр хэлвэл та хаягдчихвал яах вэ? Энэ хүнд үеийг хэрхэн давах вэ?

Итгэж хайрлаж явсан хүндээ ямар нэгэн шалтгаанаар хаягдахад гологдсон мэт мэдрэмж төрдөг. Үнэндээ ч хатуухан хэлэхэд тийм гэж болно. Тэр таныг ямар ч учраас хаяад явсан бай, танд тэсэхийн аргагүй хэцүү санагдах нь мэдээж. Зүрх сэтгэл чинь шархална.

Яагаад ийм хэцүү байдаг вэ гэхээр бодит байдлаас илүү таны ирээдүйн хүсэл мөрөөдөлтэй холбоотой. Хэн нэгнийг алдлаа гэхэд зөвхөн өнөөдрийн аз жаргалаа биш, түүнтэй хамт үлдсэн амьдралаа туулна гэсэн мөрөөдлөө бас алддаг билээ.
Тэр таны амьдралд хэдийнэ байр сууриа эзэлж, хамтдаа бодож сэтгэж, ирээдүйгээ төсөөлдөг байсан учир түүнгүйгээр амьдрал чинь эзгүйрч яах учраа олохоо болино. Та түүнээс авдаг байсан сэтгэлийн таашаалдаа бүр дасчихсан гэсэн үг.

Ямар нэг зүйл танд баяр хөөр өгдөг байтал түүнийгээ алдчихаар өөрийн эрхгүй буцааж авахыг хүсдэг. Харин үүний оронд тэр хүнээ аль болох түргэн мартахыг хичээх хэрэгтэй. Мэдээж алхам алхмаар, аажим аажмаар.

Найзууд чинь таныг завгүй бай, янз бүрийн үйл ажиллагаанд оролц гэх байх. Энэ сайн зөвлөгөө хэдий ч таны сэтгэл дэндүү үймэрч шаналсан байх болохоор дагахад хэцүү байж магадгүй. Иймээс танд хоёр зөвлөгөө өгье.

Нэгдүгээрт, шаналж гутарч байгаа гэдгээ хуучин амрагтаа мэдэгдэх хэрэггүй. Аягүй бол тэр “Харж байгаа биз дээ. Ийм гунигт автсан амьтантай хэн хамт байхав дээ” гэж хэлнэ дээ.

Хоёрдугаарт, шинэ хүнийг сэтгэлдээ хүлээн авахад бэлэн бай. Юмыг яаж мэдэх вэ, хэрвээ яг энэ үед таны хүсэн хүлээж явсан тэр хүн амьдралд чинь орж ирвэл, та хуучин найзаа мартаж чадалгүй гуниг гутралаараа түүнийг үргээчихвэл яана?

Харин сэтгэлийн гутралаа давахын тухайд бие махбодиосоо эхлэх хэрэгтэй. Бидний биеийн байдал, үйл хөдлөл ямар байна, сэтгэл зүй түүнийг дагадаг гэдэг нь шинжлэх ухаанаар нотлогдсон зүйл. Гуниж гутарч байгаагаа гаднах төрхөөрөө бүү илэрхийл. Баяр хөөртэй бай. Толгойгоо өөд өргөж, биеэ цэх байлга. Тэгвэл сэтгэл чинь дагаад л засаjна. Жүжигчид сэтгэл хөдлөл шаардсан зураг авалтын өмнө энэ аргыг хэрэглэсээр ирсэн юм. Баяр хөөртэй байхын тулд биеэ дайчил, өөрийгөө хүчил.

Энэ бүхний эцэст та түүнийг мартаж, аз жаргалаа эргүүлэн авах болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж