Энэ нь тухайн жилдээ галд суусан хүмүүн нэгэн тулам галын цогийг авч гэрээсээ зүүн өмнө зүг есөн ес наян нэгэн алхам газар нүх малтаж булаад урд талаасаа буцаж ирнэ. Харин шороонд суусан хүмүүн гэрийн хүрээний шорооноос нэгэн хэсгийг авч баруун зүг чиглэн мөн есөн ес наян нэгэн алхам газар очиж овоолон асгаад, баруун урдаас эргэж ирдэг байсан бол. Төмөрт суусан хүмүүс есөн хэсэг төмрийн үртэс, өөдөс авч гэрээсээ баруун урд зүгт есөн ес наян нэгэн алхам газарт цацаад баруун талаасаа гэртээ эргэж ирдэг байжээ. Огторгуйд суусан хүмүүс хөх бөс даавууны өөдөс, цуудсыг модонд торгож бариад гэрийн зүүн хойт зүгрүү есөн ес наян нэгэн алхам газарт хатгаад баруун хойноосоо ирнэ. Усанд суусан хүмүүс нэг аяга ус авч гэрээсээ зүүн тийш есөн ес наян нэгэн алхам газарт цацаад гэрийн хойноос ирдэг бол ууланд суусан хүмүүс гэрээсээ баруун хойт зүгрүү гарч есөн ес наян нэгэн алхам газар хэсэг чулуу овоолж, зүүн хойноос ирнэ. Модонд суусан хүмүүс таван зүйлийн өнгийн даавууны өөдөс, цуудсыг утсаар хэлхэж гэрийн хойт зүгт есөн ес наян нэгэн алхам газар бут сөөгөнд уяад гэрийнхээ зүүнээс хойноос ирнэ. Хийд суусан хүмүүс шувууны өд тэргүүтэн хөнгөн хийсдэг эдийг авч гэрийнхээ урд зүгт есөн ес наян нэгэн алхам газар очиж хийсгээд зүүн урдаас ирдэг байсан ажээ.
Хожмоо бурхны шашин дэлгэрч, нүүдэлчдийн дунд хийд, дацан тэргүүтэн суурин газрууд буй болсон уед энэхүү дом заслыг хийх аг тарнийн арга ч буй болжээ. Бас суудлын махбодоос хамааруулж хийх тэр махбодын засал нь галд суугсад гал гаргадаг, модонд суугсад мод хугалж хөдөлгөдөг, төмөрт суугсад төмрийн үртэс хаядаг, усанд суугсад ус, цасны дээгүүр алхан гардаг, харин шороо, огторгуй, уул, хий хэмээх дөрвөн зовхисын хөлөлд суугсад чулуу, шороо хөдөлгөж, салхинд цаас хийсгэх тэргүүтнээр өөрчлөгджээ. Огт өөрчлөгдөөгүй зүйлс нь хийморийн зүг рүү гарч, буян хишгийн зүгээс ирдэг уламжлал юм. Бас зүг, чиг нь зурхайн махбодын онолоор баяжигдаж, тухайн морилон ирж буй шинэ жилийн амин махбод руу хар нохойн ам хардаг хэмээн сэтгэж, тэр зүгтэй тухайн бодьгалын цог хийморийн зүг таарч байвал хар нохойн амнаас цээрлэж “эмх” хэмээх өөр нэгэн сайн зүг рүүгээ мөрөө гаргадаг ёс журам тогтжээ.