Осол гаргасан компанийн эрхийг хасчээ

Хуучирсан мэдээ: 2013.02.09-нд нийтлэгдсэн

Осол гаргасан компанийн эрхийг хасчээ

АНУ-ын Калифорни мужийн уулын замд өнгөрсөн долоо хоногт хот хоорондын жуулчны автобус осолдсоны улмаас найман хүн амиа алдсан хэрэгтэй холбогдуулан холбооны Засгийн газраас осол гарсан автобус компанийг АНУ-ын хэмжээнд үйл ажиллагаа явуулахыг хоригложээ.

Холбооны авто тээрийн аюулгүй байдлын газраас “Айсуй аюулаас сэргийлэх үүднээс “Scapadas Magicas” компанийн үйл ажиллагааг хаах шийдвэр гаргасан” хэмээн мэдэгдсэн байна. Ослын шалтгаан автобусны техникийн бүрэн бус байдалтай холбоотой болохыг мэргэжлийн байгууллагынхан тогтоосон бөгөөд ослын үед автобусыг жолоодож явсан жолооч хүртэл тормоз үе үе ажиллахгүй болж байсныг мөрдөн байцаалтын явцад мэдүүлжээ. АНУ-ын Калифорни мужтай хил залгаа орших Мексикийн Тихуанад төвтэй “Scapadas Magicas” компанийн жуулчны автобусад өмнө нь хэд хэдэн удаа дээрхийн адил саатал гарч байсан гэнэ.

Ослыг сануулахад, өнгөрсөн ням гаригт Калифонийн “Big Bear Lake” гэх цанын баазаас Мексик рүү буцаж явсан жуулчны автобус гэнэт жолоодлогогүй болсны улмаас уулын замд осолдож, улмаар том оврын ачааны машиныг мөргөсний улмаас автобусны зорчигчид цонхоор шидэгдэж, долоон хүн нас барсан байна. Мөн ослын үеэр хүнд гэмтсэн ачааны машины жолооч эмнэлэгт хүргэгдсэн боловч гурав хоногийн дараа нас баржээ. Мөн ослын улмаас 40 хүн гэмтсэн байна.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж