Ази ганхах хэнд ашигтай вэ?

Хуучирсан мэдээ: 2013.02.09-нд нийтлэгдсэн

Ази ганхах хэнд ашигтай вэ?

Ази дайн руу алхаж байна… Алдарт “Вашингтон пост” сонинд ийм нэртэй нийтлэл гарчээ. Хятад, Япон улсын дунд үүсээд байгаа арлын маргаан даамжирвал томоохон зэвсэгт мөргөлдөөн үүсэх хүндхэн нөхцөл байдалд тулж ирээд байгааг энд өгүүлсэн байна.  Хэрвээ үүнийг дэлхийн томоохон улсууд зогсоох талаар ямар нэгэн дорвитой арга хэмжээ авахгүй бол өдрөөс өдөрт байдал улам л дордохыг мөн сануулжээ. "Вашингтон Пост" сонинд нийтэлсэн шиг Ази тив дайн руу алгуураар ойртож байгаа гэж үү….

Билэггүй мэдээ

Ази даяар билгийн тооллын шинэ сар эхлэх гэж байна. Уламжлалт ёс заншил, утга учраас нь авч үзсэн ч дорнын ард иргэдийн хувьд энэ бол нандин баярын нэг. Гэхдээ энэ баярын өмнө билэггүй нэгэн мэдээлэл олны анхаарлыг татаж эхэллээ. Энэ бол газрын маргаан. Тэр дундаа Ази тивдээ тэргүүлэх хоёр том эдийн засгийн хооронд маш том зааг үүсээд байна. Диаоюү арлын маргаан ийнхүү дэлхий нийтийн чихийг сортуулж басхүү айдас үүсгээд байгаа билээ. Японы тал цэргийн бэлтгэлийг аль хэдийнэ эхлүүлчихсэн. Шинзо Абегийн хэлснээр Хятадын гаргаж байгаа увайгүй үйлдлийг дарахын тулд хийж байгаа алхамын эхлэл нь энэ. Хятад улс энэхүү мэдэгдэлд эгдүүцэж байгаагаа албан ёсоор мэдэгдээд байгаа. Хятадад төлөөлөгчийн салбартай Японы том, том бренд, компаниудад олон арван мянган хятадууд эгдүүцэж эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж байна. Тиймдээ ч батлан хамгаалах анги нэгтгэлүүд шаардлагатай нөхцөлд гал нээх зориулалт бүхий тэнгисийн цэргийн томоохон хүчийг ч Диаоюү арлын ойр орчимд төвлөрүүлчихсэн.

Хятад уу, Япон уу

Эдийн засаг болоод газар нутгийн байрлалын хувьд хоёр улсад хоёуланд нь ашигтай байгаа энэ арлын төлөөх тоглоомонд чухам хэн нь хожих бол… Хамгийн гол нь бүс нутагыг хамарсан томоохон дайн тулаан өрнөвөл яах вэ… Дэлхий нийт үүнээс л айж байгаа. АНУ тэргүүтэй томоохон улс гүрнүүд энэ талаар албан ёсны мэдээлэл хийхгүй байгаа ч өнгөрсөн долоо хоногт Японы талтай АНУ-ын батлан хамгаалах салбарын мэргэжилтнүүд ярьсан гэдгийг томоохон мэдээллийн агентлагууд мэдээлж байна. Үнэн эсэх нь тодорхойгүй ч АНУ-ын төрийн департаментаас үгүйсгэсэн ямар нэгэн мэдээлэл хийсэнгүй. Япон улс дайны байдалд ажиллах шинэ журам гэгчийг боловсруулж, цэргийн насны залуусыг цэрэгт татах дундаж хувийг 30 гаруй хувиар нэмэх шийдвэр гаргасан гэдгийг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Өнгөрөгч зургааны өдөр парламентын чуулганд хэлсэн Шинзо Абегийн үгнээс үзвэл онцгой байдалд ажиллах хэрэгтэйг сануулсан бөгөөд ард иргэдээ тайван байхыг уриаллаа. Мөн Хятадын гаргаж байгаа үйлдлийг олон улсын гэрээ конвенцыг зөрчсөн үйлдэл гэдгийг ч хэлээд амжсан юм. “Яагаад энэ аралд Хятад улс санаархаад байгаа нь тодорхой. Баялгын нөөц, газар нутгийн байрлалаараа эерэгээр тусах учраас тэр. Гэхдээ нэг том асуулт байгаа. Заавал яагаад дайны байдалд уриалаад, тэнгисийн цэргийнхээ тоог нэмээд байгаа юм бэ? Ийм шаардлага үнэхээр байгаа гэж үү” гэж Шинзо Абе мэдэгдэлдээ дурьджээ.
 
Гэхдээ дэлхий нийтэд тодорхой нэг л зүйл бий. Хэрвийн дайны байдалд шилжвэл НҮБ битгий хэл АНУ ч тодорхой тусламж, ямар нэгэн томоохон мэдэгдэл хийхгүй. АНУ, Хятад улсын өдрөөс өдөрт өссөөр байгаа эдийн засгийн өсөлтөд тийм ч таатай хандахгүй. 20 жилийн дараа тэртээ тэргүй өөрсдөөс нь түрүүлээд явчихна. Тиймээс хоёр улсын аль алинд нь тал зассан ямар нэгэн мэдэгдлийг хийх нь юу л бол. Японд ч тэр. Хятадаас арай бага анхаарал хандуулах ч Японы эдийн засаг азийг босгодог гэдгийг санах учиртай. НҮБ-ын жилийн төсвийн бараг тал хувийг өгдөг АНУ ийм байр суурьтай байхад НҮБ хөдлөхгүй. Харин энэ үйлдэлд туйлын эгдүүцэж байгаагаа ОХУ илгээж байгаа. Дэлхий нийтийг дайн тулаанд урайлан дуудахгүй байхыг ОХУ-ы зүгээс олон нийтэд мэдэгдэж байгаа ч цаанаа ямар байр суурьтай байгааг нь хэн ч таашгүй билээ.

Азид тэртээ тэргүй олон асуудал байгаа. Япон улс, Өмнөд Солонгостой Такешима арлын маргаантай байгаа. ОХУ-тай Курилын арлаас болоод тааламжгүй харьцаатай. Хятад улс ч тэр өмнөд хятадын тэнгист орших бүлэг арлын маргаанаас болж Вьетнам, Хятад, Филипин, Малайз, Бруней, Тайланд улстай маргаантай байдаг. Дээрээс нь Хойд Солонгос улс пуужин харвана гээд дэлхий нийтийг сандаргаад байгаа. Энэ бүгдээс харвал Ази эмзэгшиж байна. Азийн томоохон эдийн засаг гэж нэрлэгдэх Өмнөд Солонгос, Хятад, Япон улс батлан хамгаалах зардалынхаа төсвийг нэмсэн. Хэзээнээс дэлхийг сандаргаж байгаа Хойд Солонгос улс цөмийн зэвсэг болоод алсын тусгалтай пуужингийн туршилтыг ч нэмсэн. Хэрвээ нэг л буруу үйлдэл болвол ази ганхаж эхэлнэ. Ази ганхах хэнд ашигтай вэ…

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж