АТГ-аас өнгөрсөн оноос эхлэн “Саусгоби”-ийн эзэмшиж байсан уул уурхайн лицензийг Засгийн газрын эрх мэдэл бүхий албан тушаалтны оролцоотойгоор гуравдагч этгээдэд шилжүүлсэн хэргийг шалгаж байгаа гэдгийг “Саусгоби” мэдэгдэж байсан юм. Түүнчлэн тус компанийн хуулийн ахлах зөвлөх, Австралийн иргэн Сара Армстронгийг дээрх хэрэгт холбогдуулан шалгаж, байцаалт авсан, гэхдээ түүнийг энэ хэрэгт холбогдолгүй тул нутаг руу нь буцаасан гэдгийг ч компанийн зүгээс оны өмнө мэдэгдэж байсан билээ. Харин өнгөрсөн пүрэв гаригт өгсөн мэдээлэлдээ “Саусгоби” компанийн нэг ч ажилтан, албан хаагч энэ хэрэгт буруугүй гээд, данс, хөрөнгө битүүмжилсэн асуудалд хуулийн хүрээнд зохистой хандаж байгаа гэсэн талаар “Reuters” мэдээлжээ.
Сануулахад, “Саусгоби”-ийн хувьцааны дийлэнхийг “Рио Тинто” группийн охин компани “Turquoise Hill Resources” эзэмшдэг бөгөөд Монгол-Хятадын хилээс хойд зүгт 40 км зайд орших Овооттолгой нүүрсний уурхайд олборлолт явуулдаг юм.