ЕХ-ны ирэх долоон жилийн төсвийг танав

Хуучирсан мэдээ: 2013.02.09-нд нийтлэгдсэн

ЕХ-ны ирэх долоон жилийн төсвийг танав

Бельгийн нийслэл Брюссель хотноо өнгөрөгч пүрэв гаригт эхэлсэн Европын холбооны ээлжит саммитаар Европын холбооны ирэх долоон жилийн төсвийг хэлэлцэж, урьд хожид байгаагүй хэмжээгээр танах асуудлаар талууд байр суурь нэгджээ. 2014-2020 оны хугацаанд Европын холбооны орнууд 908 тэрбум евро буюу 1,2 их наяд ам.долларыг захиран зарцуулна, дээд хязгаар нь 959 тэрбум евро байх гэнэ.

Европын холбооны гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч Еврокомиссоос долоон жилийн төсвийг тав орчим хувиар багасгаж, төсвийн төсөлд нэг их наяд еврог суулгасан байсан юм.

“Цаашид тэнцвэртэй, өрсөлдөх чадвар сайтай, тогтвортой өсөлтийн төлөө талууд зөвшилцөж чадлаа. Энэ албанд томилогдсоноос хойшхи хамгийн урт уулзалт энэ байлаа. Амаргүй даваа. Гэхдээ бид зөв шийдэлд хүрч чадсан гэж дүгнэж байна” хэмээн Европын зөвлөлийн ерөнхийлөгч Херман ван Ромпуй хэлэлцээрийн дараа мэдэгджээ.

Европын лидерүүд хэлэлцэж, зөвшилцөлд хүрсэн дээрх төсвийн төслийг одоо Европарламентаар батлах ёстой юм.

Гэхдээ дээрх танасан төсвийн төсөл Европын холбооны 27 улсад бүгдэд нь тааламжтай бус гэдгийг Ван Ромпуй хүлээн зөвшөөрөв. Гэвч бүс нутгийг харамсан эдийн засгийн хүндрэлийг даван туулах зайлшгүй шаардлагатай тулгарч буйг тэрбээр онцолжээ.

Төсвийн гол цөм нь эдийн засаг өсөлт болоод ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэх бөгөөд боловсрол, судалгаа шинжилгээ, залуучуудын ажилгүйдлийн эсрэг, мөн тээврийн сүлжээг сайжруулахад хөрөнгө оруулахаар тусгасан байна. Түүнчлэн дэлхийн хамгийн ядуу оронд тусламж үзүүлэх, цаг уурын өөрчлөлт, цөмийн аюулгүй байдал зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудалд ч Европын холбоо анхаарал хандуулна гэдгийг Европын зөвлөлийн ерөнхийлөгч мэдэгдсэн байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж