Малала охин эмнэлгээс гарчээ

Хуучирсан мэдээ: 2013.02.09-нд нийтлэгдсэн

Малала охин эмнэлгээс гарчээ

Эмэгтэйчүүдийн сурч боловсрох эрхийн төлөө зоригтой алхам хийж, дуу хоолойгоо илэрхийлснийхээ төлөө талибанчуудын золиос болж, үхэл амьдралын заагт байсан зоригт Малала охин эмнэлгээс гарчээ. Пакистанд өнгөрсөн аравдугаар сард толгойдоо буудуулсан Малала Юсуфзай өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа хүнд мэс засал хийлгэсэн юм. Тэрбээр Английн Бирмингем хотын Хатан хаан Элизабетийн нэрэмжит эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад өчигдөр эмнэлгээс гарчээ.

Пакистанд хичээлээ тараад сургуулиасаа гарч явсан Малала охиныг талибанчууд буудсанаар охины гавлын яс болон дуу чимээг хүлээн авч тархи руу мэдээлэл дамжуулах үүрэгтэй нарийн яс гэмтжээ. Пакистаны эмч нар охины гавлын яснаас сумны хонгиог салган авсан бөгөөд улмаар Их Британид ирж, үргэлжлүүлэн эмчилгээ хийсэн юм. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Бирмингемийн эмнэлэгт мэс засал хийлгэж, эмч мэргэжилтнүүд түүний гавлын ясанд титан бүрхүүл суулгаснаас гадна охины сонсголыг сэргээжээ. Талибанчуудын гарт өртөж, буудуулснаас хойш анх удаа камерын өмнө ярихдаа тэрбээр “Бурханд надад шинэ амьдрал бэлэглэлээ. Би хүн бүхэн, хүүхэд бүр, эмэгтэй хүүхэд бүр сурч боловсроосой гэж хүсч байна” хэмээж байсан юм.

Толгой, хүзүүндээ буудуулсан тул дахни хөл дээрээ зогсоход бэрх хэмээн эмч мэргэжилтнүүд дүгнэж байсан ч Малала охины бие цаг цагаар сайжирсаар байгаа гэнэ. “Би ганц хоёр алхаж чаддаг болсон. Улам бүр сайжирсаар л байгаа” хэмээн Малала хоёрдугаар сарын 6-нд ярьжээ. Түүнийг эмчилж байсан Бирмингемийн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд охиныг эмнэлэгт хэвтэх шаардлагагүй болсон тул эмнэлгээс гарахыг зөвшөөрчээ. Одоо тэрбээр Бирмингем хотод гэр бүлийнхэнтэйгээ хамт байх бөгөөд хэсэг хугацаанд эмчилгээ, сувилгаа хийлгэж, тогтсон хугацаанд эмчдээ үзүүлж байх гэнэ.

15 настай зоригт Малала үхлийн ирмэгээс амь мултарч амьд үлдсэнээ олон хүний мөргөлийн ач хэмээн тайлбарласан юм. Гэхдээ талибанчууд Малала охин амьд үлдвэл дахин түүний амийг авахаар очихоо амласан.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж