Прокурорыг улираах хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Прокурорыг улираах хэрэггүй

ЕрӨнхий прокурорыг улираан
томилдгийг болих хэрэгтэй

Шүүхийн шинэтгэл, хууль эрх зүйн
өнөөгийн байдлын талаар   Хүний эрх ардчиллын судалгааны төвийн тэргүүн,
хууль зүйн ухааны доктор С.Цэрэндоржтой уулзаж ярилцлаа. Түүнийг Хүний
эрхийн үндэсний комиссийн дарга байсан гэдгээр нь уншигчид илүү мэдэх
байх.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүхийн шинэтгэлийн талаар их
зүйл ярьж, олон ч хүн энэ сэдэвт татагдан ороод байгаа. Таны бодлоор
шүүхийг шинэчлэхийн тулд хамгийн түрүүнд юуг өөрчлөх ёстой вэ?

-Шинэтгэлийн
хүрээнд  гурван зүйлд өөрчлөлт хийх ёстой. Эхний ээлжинд шүүхэд ажиллаж
байгаа хүмүүсийн толгой дахь бодлыг нь өөрчлөх хэрэгтэй. Одоо манай
шүүхэд ажиллаж байгаа зарим хүмүүс шүүхийг төр гэж бодоод байх шиг. Шүүх
бол төрийн үргэлжлэл биш шүү дээ. Иргэн төртэйгөө маргалдан  шүүхийн
өмнө ирэх үе байдаг. Энэ үед шүүгч “би төрийн албан хаагч учир төрийн
талд шийдвэр гаргах учиртай” гэсэн бодолтой байж хэрхэвч болохгүй.
Хэрвээ тийм бодлоор асуудалд хандвал шүүх шүүх биш болно. Хоёрдугаарт,
хууль тогтоомжууд ялангуяа хүний эрхийг байнга хөндөж байдаг эрүүгийн
болон эрүүгийн байцаан шийтгэх хуулиудыг юуны түрүүнд өөрчлөх хэрэгтэй.
Өнөөдөр манай шүүх эрх мэдлийн байгууллага ихэнх тохиолдолд яллах талд л
ажиллаж байна.  Шүүх хурлаас тухайн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад
буцаах явдал удаа дараа гардаг. Энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй.
Гуравдугаарт хуулийн байгууллагын тогтолцооны гажгийг өөрчлөх. Үүнд юуны
өмнө мөрдөн байцаах байгууллагыг цагдаагийн бүтцээс салгаж, бие даалгах
хэрэгтэй. Мөрдөн байцаах ажил хангалтгүй хийгдсэнээс хэрэг ахин дахин
буцаж цаг хугацаа алдах явдал байдаг.

-Гарцаагүй нэмэлт мөрдөн
байцаалтад буцаах шаардлага гардаг шүү дээ. Тухайлбал гэмт хэрэгт
холбоотой шинэ хохирогч, шинэ баримт олдох гээд. Ийм үед яах  ёстой гэж?

-Мөрдөн
байцаагч яахын тулд төрөөс цалин аваад ажил хийж байгаа юм бэ. Тухайн
мөрдөн байцаагч прокурорын хяналттай ажлаа хийж байгаа. Мөрдөн байцаагч
ажлаа хийж чадахгүй байлаа гэхэд хянаж байгаа прокурор  юу хийж байсан
юм бэ. Нэгэнт шүүхэд ирсэн хэргийг  ахин дахин буцаах нь  иргэний эрх
ашигт сөргөөр нөлөөлж, чирэгдэл үүсгэдэг. Прокурорын яллах дүгнэлтэд
буруутгаж буй хэргийг тухайн хүн үйлдсэнийг хөдөлбөргүй нотолсон бол
шүүх шийтгэх тогтоол гаргадаг. Хэрэв нотолж чадаагүй байвал цагаатгах
тогтоол гаргадаг. Энэ л энгийн ойлгомжтой жишгээр шүүх явах ёстой.
Тэгэхгүйгээс болоод зарим хэрэг хэдэн жилээр эцэслэн шийдэгдэхгүй,
хуулийн байгууллагуудын хооронд дамжсаар байна.

-Мөрдөн
байцаагч болон хуулийн байгууллагын ажлын үзүүлэлтийг  хэдэн хэрэг
шийдсэн, хэнийг хорьж цагдав гэдгээр нь дүгнэдэг. Энэ байдлаас үүдээд
цаг хугацаанд баригдаж, хүний эрхийг зөрчиж, хангалттай баримт материал
цуглуулж чаддаггүй юм биш үү?

-Тэр үнэн. Шүүх эрх мэдлийн
байгууллагын ажилтнуудын ажлыг дүгнэдэг үзүүлэлтүүд болон аргыг өөрчлөх
хэрэгтэй байгаа юм.  Өнөөдөр хуулийн ажилтнуудыг зөвхөн нэг талын
өрөөсгөл үзүүлэлтүүдээр үнэлж дүгнэж байгаагаас тэд хүний эрхийг зөрчиж,
хохироож байна. Ажлыг бодитойгоор дүгнэхэд зайлшгүй шаардлагатай нөгөө
талын үзүүлэлтүүд, тухайлбал шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нь тухайн
хугацаанд хэдэн хүнийг хууль бусаар хорьсон, хэдэн хүнийг хилсээр хэрэгт
холбогдуулсан, чирэгдүүлсэн гэх мэт чанар, агуулгын үзүүлэлтүүдийг огт
авч үздэггүй. 

-Зарим оронд мөрдөн байцаах газар нь бие
даасан байдаг. Харин манайд  Цагдаагийн ерөнхий газрынхаа харьяанд
байна. Энэ хэр зөв бүтэц вэ?

-Цагдаагийн байгууллагад албан
тушаал, цол, тушаал биелүүлэх гэсэн босоо, нэгдмэл удирдлагын  хатуу дэг
журам үйлчилдэг. Гэтэл мөрдөн байцаах үйл ажиллагааны гол зорилго нь
бодит үнэнийг  тогтоох бөгөөд зөвхөн байцаан шийтгэх хуулийн хүрээнд
явагдах ёстой ажил. Тиймээс цагдаагийн албаны удирдлагын онцлог
тогтолцоо, цол зэрэг нь мөрдөн байцаалтын ажиллагаанд нөлөөлдөг нь  нууц
зүйл огт биш. Эдгээр нь  хэргийн үнэн бодит байдлыг тогтооход сөргөөр
нөлөөлж байгааг үгүйсгэх аргагүй. ОХУ-д Мөрдөн байцаах хороог 
цагдаагаас тусад нь гаргасан. Хэргийн үнэн бодит байдлыг тогтооё гэвэл
мөрдөн байцаах ажлыг цагдаагаас салгах нь хамгийн чухал. Зөвхөн Мөрдөн
байцаах газар ч бус, шүүхэд ч өөрчлөх зүйл байна. Шүүхийг захиргааны
удирдлагаас салгах учиртай. Тэгж байж л илүү үр дүн, шинэчлэлд ахиц
гарна.

-Өнөөгийн хэрэглэж байгаа Эрүүгийн хуулийг шоронжсон,
цөөн хүн амдаа дэндүү чангадсан хууль гэж шүүмжлэх хүн олон байдаг?

-Монгол
Улсын нэн шинэ үеийн  анхны Эрүүгийн хуулийг 1926 онд баталсан 
байдаг.Түүнээс хойш таван удаа шинэчлэгдсээр хамгийн сүүлд 2002 онд
шинэчилсэн хуулийг одоо  мөрдөж байна. Монгол Улс олон улсын цөөнгүй 
гэрээ конвенцид нэгдэн орж, хүний эрхийг хангаж  ажиллана гэсэн  үүрэг
амлалт авсан атлаа үнэн хэрэгтээ хүний эрхийг өмнөхөөсөө дордуулсан
заалтуудыг хуульдаа оруулсан нь цөөнгүй. Чанга  хууль болсон гэдэг нь
үнэн. Гар утас булаасан хүүхэд олон жилийн хорих ял эдэлж байхад улсад
их хэмжээний хохирол учруулсан, өндөр албан тушаалтан хүн ялгүй салж
байгаа тохиолдол олон байна. Хууль хэнд ч тэгш үйлчлэх ёстой гэсэн
зарчим байдаг ч одоогийн Эрүүгийн хууль ялгаварлан гадуурхалтыг өдөөн
турхирдаг. Эрүүгийн хуулийг чангатгаж, олон жил хорих ялтай болголоо
гээд гэмт хэргийн гаралт буураагүй нь олон жилийн статистикаас
харагддаг.

-Тэгвэл хүний эрхийг зөрчсөн, алдаатай хуулиа
өөрчлөх талаар яагаад ажил хийж болохгүй гэж?

-Хууль
санаачлах эрх нь Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-д байдаг. Хууль
санаачлагчид хуулийн төслөө хийхдээ хүний эрхийн судлаач, мэргэжилтнүүд,
эрдэмтэдтэй хамтарч ажиллаж, хууль зүйн шинжлэх ухааны сүүлийн үеийн
ололт, дүгнэлт, олон улсын гэрээ хэлэлцээр, чиг хандлагад нийцүүлж байж л
гайгүй хуультай болно. Зөвхөн практик ажилтан, хуулийн байгууллагын
удирдлагын хэдэн хүний хүрээнд хийсэн хууль ямар байдгийг сүүлийн арваад
жилийн хуулийн хэрэглээний жишиг хангалттай харууллаа. Монгол Улсад
эрүүгийн хуулийн гаж зарчим мөрдөгдөж байна. 1961 онд Монгол Улсын хорих
ялын дээд хэмжээ 15 жил байсан. Тэр үед манай улс олон улсын нэг ч
гэрээ конвенцид нэгдээгүй байсан. Өнөөдөр хорих ялын дээд хэмжээ 25-30
жил. Гэтэл бид чинь хүний эрхийг хангаж ажиллана гээд хүний эрхийг
хамгаалах олон гэрээ конвенцид нэгдсэн.
Ромын Олон улсын эрүүгийн
дүрэмд Монгол Улс 2002 онд нэгдсэн. Энэ дүрэмд төрлөөр устгах, хүн
төрөлхтөний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг, түрэмгийллийн гэмт хэрэг
үйлдсэн хүнд 30 жил хорих ял оноохоор байна. Энэ дүрэмд олон хүнийг
хөнөөсөн хүнд 30 жилийн хорих ял оноож байхаар заасан байдаг. Гэтэл
манайх Эрүүгийн хуулиараа энэ дүрэмд зааснаас харьцангуй хөнгөн гэмт
хэрэг үйлдсэн хүнд цаазаар авах ял оноодог. Үнэн хэрэгтээ Монгол Улсад
илүү ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 30 хүртэл жилийн хорих ял
оноодог нэг эрүүгийн хуультай, түүнээс хөнгөн гэмт хэрэг үйлдсэн
этгээдэд цаазаар авах ял оноодог бас нэг хуультайгаар арав шахуу жил
болсон. Үүнийг хэвийн үзэгдэл гэж бодохгүй байна.

-Өнөөгийн
хууль хохирсон иргэдээ дахин хохироосоор байгааг олон хүн хэлдэг. Шүүх
хурлаас харахад гэмт хэрэгтэн маш олон эрхтэй хэрнээ хохирогч түүнээс
цөөн эрхтэй байгаа нь анзаарагддаг?

-Хохирогч Эрүүгийн
байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлд зааснаар баримт сэлт гаргаж 
өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах, шүүгдэгч, гэрч, шинжээчид
асуулт тавих, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн үйл
ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах гэх мэт арав гаруй эрхтэй. Харин
яллагдагч ямар хэрэгт сэрдэгдэж байгаагаа мэдэх, өөртэй нь холбогдуулж
эрүүгийн хэрэг үүсгэсэн, баривчилсан буюу таслан сэргийлэх арга хэмжээ
авсан тогтоолтой танилцах, баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт
шалгуулах хүсэлт гаргах, мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах,
хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, орчуулагч,  хэлмэрч,
шинжээчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах гээд олон эрхтэй.
Хуулийн дагуу хоёр тал эрхээ эдэлж л байгаа. Харин нэг зүйлд анхаарах
цаг болжээ. Хуулинд хүний эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлыг хэрхэн
тооцох, яаж үнэлж барагдуулах талаар тусгахгүй байгаа нь харамсалтай.
Эрүүл мэндийн хохирол гэдгийг эмчилгээний болон эмийн зардалд тооцон
хэдэн  төгрөг өгснөөр хязгаарладгийг болих хэрэгтэй. Тэр хүний эрүүл
мэнд цаашид яаж өөрчлөгдөж, хүний амьдралд хэрхэн нөлөөлөхийг огт
тооцохгүй хэдий болтол явах юм бэ. Үүнийг маш сайн тооцож байх ёстой юм.
Шүүх хурал яах гэж хийж байгаа юм бэ. Гэм буруутанд хариуцлага тооцох,
хохирогчийн хохир­лыг барагдуулах гэж л болж байгаа биз дээ. Хохирлыг
барагдуулах зүйл заалтыг өөрчлөх хэрэгтэй.

-Монголчууд хууль
эрх зүйн мэдлэг, мэдээлэл их тааруу. Хохирогчид хамгийн гол хүн бол
өмгөөлөгч байдаг. Гэтэл өмгөөлөгч мөрдөн байцаах ажлын явц байдалтай
танилцах боломж байдаггүй нь хүний эрхийг хамгаалахад хүндрэлтэй бус уу?

-Өмгөөлөгч
тухайн хүний хууль ёсны эрхийг хамгаалах үүрэгтэй чухал оролцогч
байдаг. Гэтэл өмгөөлөгч шинээр нотлох баримт гаргах, шүүхэд шинэ гэрч
дуудах эрх байдаггүй. Мөрдөн байцаах ажил дууссан хойно л хавтаст
хэргийг уншиж танилцдаг. Бүх ажил хийгдсэний дараа уншина гэсэн үг.
Үнэхээр тухайн хүний эрх ашгийг хамгаалахад хүнд байгаа биз дээ.
Өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ холбоотой цагаатгах саналыг гаргадаг ч
мөрдөн байцаагч, прокурорын үзэмжээр л асуудлыг шийддэг.

-Мөрдөн
байцаагч яллах болон цагаатгах баримт цуглуулах ёстой юм билээ. Гэтэл
амьдрал дээр энэ зарчим алдагдаж, дан ганц яллах баримт цуглуулдаг. Ийм
үед өмгөөлөгчийн саналыг илүү анхаарч үзэх нь хүний эрхийг хамгаалахад
түлхэц болох юм шиг?

-Тийм л дээ. Энэ бол байцаан шийтгэх
хуулийг шинэчлэхэд нэн түрүүнд анхаарах асуудал. Өмгөөлөгчийн эрхийг
өргөтгөх тал дээр 2002 оны хуульд ямар ч ахиц өөрчлөлт гараагүй.Цаашид
шүүх эрх мэдлийн салбарт хийх өөрчлөлтийн онцгой анхаарал татах шинэчлэл
нь өмгөөллийн эрхтэй шууд холбоотой. Түүнээс гадна шүүх хурал мэтгэлцэх
зарчмаар явагдах ёстой ч огт хэрэглэхгүй байгаа нь харамсалтай.
Мэтгэлцээний гол агуулга нь яллах болон өмгөөлөх талын хэн нь өөрийн
байр суурийг хэрэгт цугларсан  баримтыг түшиглэн илүү нотолж чадаж буйг
шүүгч гэдэг хөндлөнгийн арбитр үнэлж, шийдвэр гаргахад л байгаа юм.
Гэтэл шүүгч нь прокурортойгоо дуугаа нийлүүлээд “ Хэрэг чинь батлагдсан
шүү дээ” гээд сууж буй үед ямар мэтгэлцээн байх билээ. Энд л би шүүх бол
төрийн үргэлжлэл биш гэж хэлэх гээд байгаа юм.

-Өмгөөлөгч нар
их өндөр үнэ хэлснээр зарим иргэд эрхээ эдлэх боломжгүй болж байна.
Өмгөөллийн хөлсний жишиг үнэ гэж байдаг уу?

-Гэмт хэргийг
хөнгөн, хүнд, хүндэвтэр, онц хүнд гэж ангилдаг. Тухайн иргэн ямар гэмт
хэрэгт өмгөөлөгч авах гэж байгаагаас хамаараад үнэ нь өөр өөр байдаг.
Гэхдээ төлбөргүй үйлчлэх иргэдийн тухай Засгийн газрын журам бас бий.
Өмгөөлөл явуулахад тухайн өмгөөлөгчийн ёс суртахуун, ур чадвар, идэвхи
санаачилга, хүнлэг байдал маш чухал. Өмгөөлөгч хүн  үүргээ ухамсарлан
мэргэжилдээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Ямар ч орлогогүй хүнээс юу
авах билээ дээ. Тиймээс хүний эрхийг хамгаалж байгаа хүний хувьд хүнлэг
байх ёстой.

-Саяхан Улсын Ерөнхий прокурорыг томиллоо. Өмнө
нь Ерөнхий прокурорыг хугацаанаас нь өмнө өөрчилж байсан удаагүй.
Хуулийн байгууллагуудын тогтолцоо нь хэвээрээ байгаа тохиолдолд
“толгойг” нь солиод өөрчлөлт гарах болов уу?

-Прокурорын
байгууллага онцгой чухал байгууллага. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч
нар шүүгчтэй шууд харьцдаггүй. Гэтэл прокурор мөрдөн байцаагчийн ажилд
хяналт тавьж, мөн шүүхэд яллах дүгнэлт гаргадаг эрх бүхий байгууллага.
Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэргийг шийдвэрлэх ажиллагааны төвд нь байдаг.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг дээд шатны шүүгч өөрчлөх эрх байдаггүй
бол дээд шатны прокурор нь доод шатны прокурорынхоо шийдвэрийг өөрчлөх
эрхтэй. Төвлөрсөн нэгдмэл удирдлагатай, бүх шатны прокурорыг Ерөнхий
прокурор томилдог гээд маш онцгой эрх мэдэл бүхий чухал байгууллага.
Шинэ прокурор зоригтой өөрчлөлт хийж, хэр сайн удирдаж чадна тэр
хэрээрээ цагдаа, шүүхийн ажилд өөрчлөлт гарах болно.

-Прокурорын
томилгооны асуудлаар нэг зүйл асуумаар санагдлаа. Ерөнхий прокурорыг
хэт олон жил томилж байгаа нь сөрөг нөлөөтэй гэж ярих хүн цөөнгүй байна?

-Их
зөв асуулт байна. Прокурорыг улируулан томилж болно гэсэн заалт хуулинд
байдаг. Ерөнхий прокурор мэтийн чухал албан тушаалтнуудыг улируулан
томилдог хуулийн заалтыг өөрчлөх цаг болсон. Хүн дахин улирч
томилогдохын тулд өөрийг нь томилсон хүний төлөө ажиллаж, ая тал засахыг
үгүйсгэх аргагүй. Хэрвээ улирч томилогдож болно гэсэн заалт байхгүй бол
ажиллаж байх хугацаандаа тэр хүн өөрийн бодлоор зоригтой, зөв шийдвэр
гаргаж, шударга ажиллана гэж би боддог.

Х.Оюунсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж