Ямар шинэчлэл хэрэгтэй вэ?

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Ямар шинэчлэл хэрэгтэй вэ?

УИХ-ын бүтцийн байгууллагуудаар Монголын төмөр замыг шинэчлэх, Төмөр замынтээврийн талаар төрөөс баримтлах бодлогын төслийг хэлэлцэж байна. УИХ дээр орж хэлэлцэгдэж эхлээд удаагүй байгаа энэ асуудал дээр намын бүлгүүд нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүйн улмаас хэлэлцүүлгийн явц удаашраад байгаа билээ. Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын асуудал дээр гишүүдийг талцуулаад байгаа хоёр асуудлын эхнийх нь төмөр замын сүлжээ буюу хойшоо урагшаа чиглэл, хоёр дахь нь өргөн нарийн царигийн аль нь Монголд ашигтай вэ гэдэг асуудал. Тиймээс маргантай байгаа энэ сэдвээр УИХ-ын гишүүдийн байр суурийг тодрууллаа.

УИХ-ын гишүүн С.Оюун:

-Төмөр замын царигийг зөвхөн өргөн байна гэж зааж өгөх нь буруу гэж би үзэж байгаа. Ингэвэл хязгаарлагдмал болно. Техник технологи, эдийн засгийн үр ашгийг нь харсан ч гэсэн аль аль нь хосолсон байх нь зүйтэй. Хөрөнгө оруулж байгаа компаниуд эдийн засгийн нарийн тооцоогоо хийх байх. Төмөр зам дээр улс төр гэхээсээ илүү эдийн засгийн тооцоо судалгааг нэгдүгээрт тавих хэрэгтэй юм. Хойш урагш тавихын аль нь Монголын эдийн засагт илүү үр ашиг авчрах вэ, хаашаа ачаа илүү тээвэрлэдэг вэ гэдгээ голлож харгалзвал зөв болно.

УИХын гишүүн Р.Амаржаргал:

-Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гэж бий. Гадаад бодлогын үзэл баримтлал ч гэж байгаа. Тэдгээрийн гол гол шалгуурыг үндэслээд төмөр замаа чухам техникийн ямар үзүүлэлттэй байгуулахаа шийдэх байх. Манай Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаар хоёр хөрштэйгээ ижил тэгш харилцаатай байна гэсэн тунхаглалтай. Энэ дагуу аль аль царигийг таарах газарт нь хослуулж хэрэглэнэ биз ээ.

УИХ-ын гишүүн Р.Раш:

-Бид хоёр их гүрний хооронд байгаа улс. Үүнийг нэлээд сайн бодолцох учиртай. Манай одоогийн төмөр замын цариг нь ОХУ, хуучнаар бол ЗХУ-ын стандартын өргөн цариг. Өргөн нь 1520 мм. Цариг өөрчилнө гээд үүнийг бүгдийг хуулж болохгүй. Тиймээс энэ замтайгаа шууд холбогдох буюу огтлолцох тийм шинэ төмөр зам барих шаардлага гарахад одоогийнхоороо өргөн царигаар тавих нь зөв гэж би боддог. Тэгэхгүй бол цариг таарахгүй. Тэр болгон дээр ачаа сэлгэх нь хэцүү.
Харин хил болоод зах зээлд ойрхон, тэгээд түүгээр дамжиж гурав дахь зах зээл болох Япон, БНСУ ч гэдэг юм уу, тийшээ гарахад ойр дөтийг бодвол тийш гарах төмөр замыг нарийн цариг буюу 1435 мм-ээр барьж яагаад болохгүй байх билээ. Бид тийм нарийн царигийн төмөр замыг ашиглаж чадна. Одоо л гэхэд Эрээнээс нааш Замын-Үүд рүү 4-5 км зам орж ирээд жижгэвтэр тав зургаан замтай сэлгээний өртөөтэй, хятад царигаас монгол цариг руу ачаа шилжүүлэн ачдаг тоног төхөөрөмж байгууламжтай болчихоод байна. Бид тэнд ажиллаж чадаад л байгаа.
Аль чиглэлд төмөр зам эхлээд тавих вэ гэхээр давын өмнө УБТЗ-ыг Өмнөговьд босох гэж байгаа аж үйлдвэрийн тэр асар том районтой холбох хэрэгтэй. Төмөр зам барина гэдэг их хугацаа шаарддаг эд. Зарим хүн нэг хоёр жилд шууруулна гэж яриад байгаа. Тэгж ойлгож болохгүй. Маш нарийн технологитой, ажиллагаа ихтэй хүнд хөдөлмөр шүү дээ. Ул шороо тавих, дээгүүр нь төмөр замаа зулж өрөх гээд өдий төдий ажил орно. Саяхны түүх юм даа. Эрдэнэт, Багануур, Бор-Өндөрийн төмөр замыг барьсан. Энэ хойно Ерөөд 90-ээд км төмөр зам барихаар болж хоёр жилийн өмнө эхэлсэн. Одоо 60-аад км л яваад байна. Уулын бартаа ч их туулж байгаа биз дээ. Энэ жилдээ багтааж дуусгаж чадах уу, үгүй юү, тэр замыг. Юмыг байгаа байдлаар нь харж, бодитоор харж хандах хэрэгтэй л дээ.
Эцсийн эцэст Тавантолгойн уурхайг ашиглана гэдэг нь том утгаараа төмөр зам барьж байж л бүтнэ шүү дээ. Машинаар цааш нь нүүрс зөөж л байна. Түүнийг тоолж бүртгэж хяналт тавихад их бэрх байх. Өчнөөн төчнөөн их даацын тэрэг эгнээ эгнээгээрээ тоос татуулаад л давхидаг байлгүй, миний төсөөллөөр бол. Хэчнээн хэмжээний нүүрс гаргаж ямар ч хэмжээний татвар төлж байгаа юм, мэдэхгүй. Байгаль их хэцүүхэн болж байгаа. Энэ мэт зөндөө явдал байх шиг байна. Тэр ачаа вагоны нуруун дээр гарчихвал бүртгэл тооцоо тас няс болно оо доо. Байгаль сүйдэх нь ч багасна. Зэрэгцээд авто зам байхад ч юу нь буруудах вэ гэж л бодож байна.
                            Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж