Иракийн нийслэл Багдад хотоос холгүй орших хоёр задгай захад тэсрэх бөмбөг бүхий дөрвөн автомашин дэлбэрснээр 20 хүн амь үрэгдэж, олон тооны хүн гэмтэж, шархтжээ. Багдад хотын хойд хэсэгт орших Казими хотын амьтны захын гадна эхний дэлбэрэлт болсон бол удалгүй тус захын ойролцоох автомашинд байрлуулсан бөмбөг дэлбэрсэн байна. Дээрх дэлбэрэлтүүдийн улмаас нийт 14 хүн амь үрэгдэж, 42 хүн гэмтсэн тухай “Associated Press” агентлаг мэдээлсэн байна. Харин үүнээс нэг цаг орчмын дараа зүүн хэсгийн Шомали хотын хүнсний захын гадаах хоёр автомашинд байрлуулсан бөмбөг нэгэн зэрэг дэлбэрснээр зургаан хүн амь үрэгдэж, 15 хүн гэмтэж, шархатжээ. Одоогоор Иракийн албаныхан эдгээр халдлагын талаар хараахан мэдээлэл хийгээгүй байна.
Б.АНХТУЯА