Байгаль хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулна

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Байгаль хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулна

Ерээд оноос хойш уул уурхайн хайгуул, олборлолтод тавих  хяналт суларснаас байгаль орчинд асар их хохирол учраад зогсохгүй эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах хүний эрх зөрчигдсөөр байгаа. Одоо мөрдөж байгаа Байгаль орчны тухай хуульд тухайн орон нутгийн Засаг дарга нь “байгаль орчны алдагдсан тэнцлийг болон байгалийн баялгийг нөхөн сэргээх, хүн амыг нүүлгэх, мал, амьтныг тухайн нутаг дэвсгэрээс шилжүүлэхэд гарсан зардлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр” шүүхэд нэхэмжлэл гаргахаар зохицуулсан байдаг. Гэвч бодит амьдрал дээр Засаг дарга нь байгалийн баялгийг ашиглахтай холбогдсон бүх тусгай зөвшөөрлийн хэрэгжилтэд хяналтын онцгой чиг үүргийг хэрэгжүүлдэг, үүгээрээ ашиг сонирхлын зөрчилтэй этгээд болох тул өөрийн гэм буруутай гэдгийг нотолж шүүхэд нэхэмжлэл гаргах ямарч үндэслэлгүй гэж үзэж гишүүн Г.Баярсайхан, П.Алтангэрэл, Д.Кёкүшюзан Батбаяр, Д.Дондог, Ц.Сэдванчиг нар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачилснаа УИХ-д өргөн барив.  

Зээлийн мэдээллийг тодорхой болгох шаардлагатай байна

Манай улсад хувийн хэвшлийн банк, санхүүгийн байгууллагуудаас олгож буй зээлийн хэмжээ сүүлийн жилүүдэд байнга өсч, өнөөдрийн байдлаар банкны салбарын нийт зээлийн өрийн үлдэгдэл 2.7 их наяд, банк бус санхүүгийн байгууллагынх 46.7 тэрбум, хадгаламж зээлийн хоршооноос олгосон зээлийн өрийн үлдэгдэл 33.9 тэрбум төгрөг байгаа аж. Түүнээс банкны салбарын чанаргүй зээлийн хэмжээ өнгөрсөн оны эцсийн байдлаар 462 тэрбум төгрөг буюу нийт зээлийн 17.4 хувийг нь эзэлж байгаа гэсэн дүн гарчээ. Хэдийгээр сүүлийн жилүүдэд зээлийн мэдээллийн талаар олон нийтийн мэдлэг харьцангуй нэмэгдэж, санхүүгийн байгууллагууд эдгээр мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргадаг менежмент бий болгож буй ч эдгээр нь зөвхөн зээлийн хугацаа хэтэрсэн сөрөг мэдээлэлд тулгуурлахаас цаашгүй, аливаа зээл, төлбөр, тооцооны үүргээ хугацаанд нь гүйцэтгэдэг иргэд, компани, байгууллагын талаархи эерэг мэдээллийг агуулахгүй байгаа гишүүн Ц.Баярсайхан, Д.Балдан-Очир, Я.Батсуурь, Х.Бадамсүрэн, С.Бямбацогт, Д.Зоригт нар Зээлийн мэдээллийн тухай хуулийн төсөл санаачлан боловсруулжээ.   

Ан агнуурын асуудлыг журамлана   

Засгийн газраас санаачлан боловсруулсан Ан агнуурны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтны аймгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх УИХ-ын даргад өргөн барив. ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс 1960-1980 оны хүртэлх хугацаанд хийсэн Монгол орны агнуурын амьтны тархац, нөөцийн талаархи судалгаагаар манай улсад 40 мянга орчим аргаль хонь, 80 мянга орчим янгир ямаа, 130 орчим мянган халиун буга, 60 орчим мянган хар сүүлт зээр, 44 мянга орчим баданга хүдэр байршин амьдарч байгааг тогтоосон байдаг аж. Гэтэл 2002, 2004, 2006-2007 онд тус хүрээлэнгээс хийсэн ховор амьтны тархац, нөөцийн талаархи судалгаагаар аргаль хонь, янгир ямаа, халиун буга, хар сүүлт зээр, баданга хүдрийн тоо толгой 70-90 хувь хүртэл буурсныг тогтоожээ. Хууль бусаар агнуур, ангийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хууль бусаар гадагш гаргаж худалддагаас шалтгаалан элбэг тархацтай амьтанд тооцогдож байсан тарвага, цагаан зээр, хэрэм, үнэг, хярс зэрэг агнуурын амьтдын тоо толгой ч эрс цөөрсөн тул хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг оновчтой тогтоох, зарим төрлийн ан амьтан тухайлбал, тул загасыг ахуйн зориулалтаар агнахыг хориглох, ан хийхэд тавих шаардлагыг тодорхой болгож хуульчлах, зарим зүйлийн агнуурын амьтныг агнах, барихыг хориглох хугацааг шинэчлэн тогтоох үүднээс дээрх хуулийн төслийг боловсруулсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж