– Нэгэн телевизээр таныг Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшихээр болсон мэтээр мэдээлсэн юм билээ. Энэ талаар та бидэнд тодруулга өгнө үү. Үнэхээр танай намын хүрээнд тийм яриа, тохироо болоо юу?
– Өчигдөр орой “Цагийн хүрд”-ээр тийм дэгсдүү мэдээ гарсан юм билээ. Ажил дээрээ сууж байтал манай гэр бүлийн хүн над руу утас цохиж “Намын Удирдах зөвлөл хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид хөдөлмөрийн баатар Р.Раашийг нэр дэвшүүлэхээр тогтсон байна гэсэн утгатай мэдээ гарлаа” гэж хэлсэн. Би тэр яриаг сонсоод “Хий юм сонсдог болсон юм биш биз дээ. Тийм юм ерөөсөө болоогүй” гэж хэлсэн. Дараа нь зурагтаар буцааж үздэг телевизээр харсан чинь яалт ч үгүй тийм зүйл ярьсан байна. Тэгээд би өчигдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулсан Намын хэсэг залуус руу утасдаж, зэмлэнгүй хандсан.
– Хэвлэлийн бага хурал зохион байгуулсан танай намын залуус тэгж мэдээлсэн юмуу, эсвэл сэтгүүлч өөрөө тэгж хэлсэн юм уу?
– Тэрийг нь сайн мэдэхгүй юм. Өглөө Монголын Үндэсний телевизээс надтай ярьсан. Би тийм юм байхгүй, оргүй мэдээлэл цацагдсныг хэлсэн. Би чинь жирийн л нэг сэхээтэн хүн шүү дээ. Ер нь хүн хэрээрээ, тэмээ тэнгээрээ л гэж үг байдаг шүү дээ. Аливаа юм раамдаа л жаажигнах ёстой юм. Хэрээс хэтэрсэн зүйл хэцүү шүү дээ. Дээр үед ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны нарийн бичгийн дарга К.Черненко даргыг нас барахад Дэжид дарга “Энэ рүн ачаагаа дааж чадсангүй дээ” гэж ухааны үгс хэлж байсан. Ер нь хүн ачаагаа даах ажлаа л хийх нь зүгээр юм даа. Одоо ч хүмүүс яагаа ч үгүй л байж, гуяа алгадаад дайраад байх болж дээ. Яахав дээ, ирээдүйд зүгшрэх юм байгаа биз дээ.
– Гэхдээ МАН-ын улирдах зөвлөл хуралдаад Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг дэвшүүлэх, хэрхэн ажиллах талаар ярилцсан гэж ойлгогдож байгаа?
– Намын Удирдах зөвлөл хуралдаад Ерөнхийлөгчийн сонгуулиар хэнийг нэр дэвшүүлэх, хэрхэн ажиллах талаар ярилцсан. Хамгийн гол нь ард түмнийнхээ саналыг зөв сонсоод, бодитой дүгнэлт хийж ажиллавал буруутахгүй гэж л ярилцсан.
Хөдөлмөрийн баатар Р.Рааштай гуайтай хийсэн дэлгэрэнгүй ярилцлагыг та бүхэнд ойрын хугацаанд www.new.mn цахим хуудсынхан хүргэх болно.