Ivanhoe Mines Европоос хөрөнгөө босгохоор ярьж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Ivanhoe Mines Европоос хөрөнгөө босгохоор ярьж байна

Зургаан жил уйгагүй хөөцөлдсөний эцэст өнгөрсөн оны аравдугаар сард Оюутолгойн зэсийн ордыг ашиглах гэрээгээ Монгол Улсын Засгийн газартай үзэглэж чадсан “Айвенхоу Майнз” компани дэлхийн санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгож байна. Сүүлийн мэдээгээр Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/болон Олон улсын санхүүгийн корпорац /ОУСК/ хоёр хамтран нийтдээ 600 сая ам.долларын зээлийг Монгол дахь “Оюутолгой” төслийг санхүүжүүлэхэд зориулж “Айвенхоу Майнз” компанид олгох асуудлыг судалж эхлээд байгаа талаар олон улсын агентлагууд мэдээллээ.

Үүнээс гадна “Айвенхоу Майнз” компанитай гарын үсэг зуран солилцсон захидалдаа ЕСБХБ болон ОУСК нь “Б-зээллэг” бүтцийн хүрээнд 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт босгоход туслахаар тохиролцсон байна. Түүнчлэн өөр бусад зээл олгогч байгууллагууд “Айвенхоу Майнз”-д төслөө санхүүжүүлэхэд 500 хүртэл сая ам.долларын санхүүжилт олгох сонирхлуудаа  илэрхийлжээ.

“Айвенхоу Майнз” компанийн захирал Роберт Фридланд “Энэхүү санхүүжүүлэх багц дээр “Rio Tinto” болон бусад сангуудтай байгуулсан санхүүжилт, зээлийн тохиролцоонуудыг нэмэх юм бол бид Оюутолгой төслийн уурхайг байгуулах ажилд шаардлагатай санхүүжилтийн нэлээд хувийг бүрдүүлчихэж байна. Санхүүгийн чадавхитай томоохон зээлдэгчид бидэнтэй хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж байгаа нь бидэнд өөрсөд дээрээ болон хувьцаа эзэмшигчид дээрээ нэмэлт хүнд ачаа үүрүүлэлгүйгээр төслөө санхүүжүүлэх боломжтой болж байна” гэж ярьсан байна. ЕСБХБ, ОУВК хоёр дээр нэмээд өөр хоёр томоохон банктай гэрээ байгуулахаар “Айвенхоу Майнз” зорьж байгаа бөгөөд эдгээр зээлдэгчидтэй тохиролцсоны үндсэн дээр 2011 оны эхний улиралд багтаан санхүүжилтийн асуудлаа эцсийн байдлаар шийдэж чадна гэж үзэж байна.

ОУСК, ЕСБХБ хоёр Оюутолгой төслийн бичиг баримт, байгаль орчин, нийгмийн судалгаатай нарийн танилцах бөгөөд удирдах болон захирлуудын зөвлөлүүд нь санхүүжилтийн талаарх эцсийн шийд гаргах болно.

“Айвенхоу Майнз” компанийн боловсруулсан хөгжлийн цогц төлөвлөгөөгөөр Оюутолгой уурхайгаас анхны бүтээгдэхүүн гаргах хүртэл 4.6 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай гэж тооцоолсон байна.

Уг төлөвлөгөөнд Оюутолгой ордоос олборлох эрдэсийн хэмжээг хоёр хувилбараар тооцоолсон бөгөөд бага хувилбарт нь тус ордоос 25.2 сая паунд зэсийн нөөцтэй гэж дурдсан бол нарийвлчлалтай олборлолтын хувилбараар тус ордоос 52.5 сая паунд зэс олборлоно. Бага хувилбараар тус ордоос 1.3 сая унци алт олборлоно гэж тооцоолж байгаа бол нарийвчлалтай хувилбараар 2.4 сая унци алт олборлоно гэж тооцоолж байна.

Австралийн “Rio Tinto” компани “Айвенхоу Майнз” компанийн 22.4 хувийг эзэмшдэг бөгөөд энэ хувиа цаашид 46.6 хувь хүртэл  нэмэгдүүлэх тохиролцоотой байгаа.

Өнөөдрийн байдлаар нэг паунд зэс олон улсын зэх зээл дээр 3.1140 ам.доллар байгаа бол нэг унци алт 1187.55 ам.доллар байна. Нэг паунд 453.59 граммтай тэнцдэг бол нэг унци  нь 31.103 граммтай тэнцдэг.

Мөн Оюутолгой төсөлд шинэ түншийг оролцуулж магадгүй хэмээн “Айвенхоу Майнз” компани мэдэгдлээ. “Айвенхоу Манйз” компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит саяхан Лондонд сэтгүүлчидтэй уулзахдаа “Төсөл дуусахаас өмнө дахин нэг оролцогчтой болохыг үгүйсгэхгүй” гэжээ. “Томчууд оролцох сонирхлоо илэрхийлж байсан, гэвч бидний хамтрагч Рио Тинтогийн хүслийг мөн харгалзах ёстой” гэж тэрбээр ярьжээ. “Айвенхоу Майнз” энэ оны нэгдүгээр сард хөрөнгө босгохоор зээл, хувьцаа болон актив худалдаалах зэрэг хувилбаруудыг судлуулахаар “Ситигрупп Инк”-ийг хөлсөлсөн юм. “Гэхдээ төслийн хяналтыг өөртөө үлдээх сонирхолтой”  хэмээн Мередит мэдэгдэж байна. “Хятадын талд төсөл илүү сонирхолтой байх болно” гэдгийг ч тэрбээр нэмж хэлжээ. “Бусад газартай харьцуулбал Монголд боломж байна. “China Investment Corp” юм уу өөр хэн нэгэн хөрөнгө оруулалтын боломж хайж байгаа бол тэнд хайхад буруудах юмгүй” гэж Мередит Лондоны сэтгүүлчдэд хэлэв.

Оюутолгойн 66 хувийг “Айвенхоу Майнз” эзэмшдэг ба үлдсэн хэсэг нь Монголын талынх. Эхний арван жил уурхай нь жилд 1,2 тэрбум фунт зэс, 650 000 унци алт үйлдвэрлэх ажээ. Үйлдвэрлэл 2013 онд эхлэх төлөвлөгөөтэй байна.
Бэлтгэсэн Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж