Хувь нийлүүлэгчдийн хурлын даваа-1

Хуучирсан мэдээ: 2013.02.08-нд нийтлэгдсэн

Хувь нийлүүлэгчдийн хурлын даваа-1

Уул уурхайн сайд Д.Ганхуягийн тодорхойлсноор Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн хурлыг наадамтай зүйрлэвэл нэгийн даваа нь уржигдар эхэлж, өчигдөр үргэлжлэв. Монголын төр 34 хувийг нь эзэмшиж буй төслийн хамтрагч болох “Рио Тинто” компанийн удирдлагууд Монголын Засгийн газрын тавьсан шаардлагын дагуу Улаанбаатарт ирж, үүссэн нөхцөл байдлаар хуралдаж буй юм. Сангийн сайд Ч.Улаан өчигдрийн хурлын явцыг дүгнэж хэлэхдээ “Хурлын явцаас ажиглахад арга барилын дутагдалтай асуудлууд анзаарагдаж байна. Хувь нийлүүлэгчдийн хуралд анх удаагаа Засгийн газрын гишүүд өчигдөр оролцсон. Өнөөдрийг хүртэл ийм төвшинд ярьж байгаагүй юм байна” гэжээ. Уул уурхайн сайдад “наадмын барилдаан” мэт сэтгэгдэл төрүүлсэн хоёр талын уулзалтаас Сангийн сайд “арга барилын зөрүү”-г мэдэрсэн зэргээс үзвэл хувь нийлүүлэгчдийн хурал амаргүй нөхцөлд эхэлсэн гэхээр байна.

Хурлын эхний хэсэг буюу нэгийн даваан дээр Монголын Засгийн газар хувь нийлүүлэгчдийн хурлаар нийт зургаан асуудлыг, үүний дараа ТУЗ-ийн хурлаар 13 асуудлыг хэлэлцэж, нэгдсэн шийдвэрт хүрэх шаардлагатай байгааг мэдэгджээ. Хоёр талын хооронд “нэгийн даваа”-н дээр өрнөсөн яриа, ойлголцлыг Засгийн газрын гишүүд сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлсэн. Энэхүү мэдээллээс хувь нийлүүлэгч хоёр талын хооронд ямархуу харилцан яриа өрнөснийг дараах байдлаар сийрүүлж болохоор байна.

Монголын Засгийн газар:

-Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж, гурван сар асуудлыг судаллаа. Ингээд хувь нийлүүлэгчдийн хурлыг хийж, хөрөнгө оруулалтын гэрээнд зарим тодруулгыг хийх шаардлагатай юм гэж үзлээ. Манай талаас тавьж буй асуудлуудыг та бүхэнд бичгээр танилцуулсан тул дахин тайлбарлахгүйгээр шууд асуудалдаа орьё. Тухайлбал хувь нийлүүлэгчдийн хурлаар зургаан асуудал, ТУЗ-ийн хурлаар 13 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх саналтай байна. Гэхдээ аливаа асуудлыг шийдвэрлэхдээ шинжлэх ухаанч байдлаар буюу Монгол Улсын болон олон улсын хууль эрх зүйн хүрээнд нийцүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Төслийн хөрөнгө оруулагч:

-Үүссэн асуудлыг хууль болон гэрээнд нийцүүлэн шинжлэх ухаанчаар шийдвэрлэх ёстой гэдэгт санал нэг байна. Гэхдээ Оюутолгой төслийн хэрэгжилт, хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар танай парламентаар хэлэлцсэн байдал, олон нийтэд хүрсэн ойлголт зэрэгт бид эмзэглэж байна. Санхүү, хөрөнгийн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхээр хөрөнгө оруулагчийн зүгээс ажиллаж байгаа эгзэгтэй үед ийм таагүй байдал үүсгэх хэр зохистой вэ. Үүндээ Монголын Засгийн газар хөрөнгө оруулагчаас уучлал хүссэн захидал ирүүлэх нь зүйтэй гэж бид бодож байна.

Монголын Засгийн газар:

-Монгол Улс ардчилсан орон. Парламентат засаглалтай улс. Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр Засгийн газрын зүгээс Оюутолгой төслийн гэрээтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн нь нэгдсэн ойлголтод хүрэх зорилготой байсан.  Олон нийтийн байр суурь ямар байх вэ гэдэг олон нийтээс хамаардаг болохоос биш та бидний хүслээс болохгүй. Үүнд та бүхний зүгээс эмзэглэх шаардлагагүй болов уу. Уул уурхайн хариуцлагатай байдал гэдгийг бид ил тод байдал гэж үздэг. Ил тод байдал, хэвлэл мэдээллээр дамжуулан зөв ойлголтыг иргэддээ өгч байх ёстой гэсэн байр суурьтай байна. Монгол Улс төрт ёсны урт удаан түүхэн уламжлалтай. Монголчууд “Усыг нь уувал ёсыг нь дага” гэж сургадаг. Тэр утгаараа хэн ч байсан усыг уувал ёс заншлыг нь хүндлэн дээдэлж, хуулийг нь мөрдөж байх үүрэгтэй. Монголчуудын дунд “Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэдэг үг байдаг юм. Тэр утгаараа газар шороондоо их харам байдаг. Энэ сэтгэлийг нь мэдэрч, ойлгож хүлээж авахгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж байвал эндүүрэл. Нэгэнт хамтарч ажиллаж байгаа бол хүн хэлээрээ мал хөлөөрөө гэж харилцан яярилцаж ойлголцож явья.

Төслийн хөрөнгө оруулагч:

-Хөрөнгө мөнгө босгох асуудал тулгарсан үед ийм нөхцөл байдал үүсч байгаад харамсч байна…

Монголын Засгийн газар: 

-Хөрөнгө мөнгө босгох асуудлаар яагаад Монголын талтай ярилцдаггүй юм бэ гэдгийг бид сануулж байгаа юм. Монгол Улсын хуулийн дагуу, компанийн хуулийн дагуу бол их хэмжээний санхүүгийн хэлцэл хийж байгаа үед уг асуудлыг ТУЗ авч хэлэлцээд 100 хувийн саналаар баталж байж хэрэгждэг хуультай. Гэтэл та бүхэн энэ хуулийг үл тоогоод явж байгаа чинь учир дутагдалтай байна. Бидний байр суурь энэ төслийг хамтарч явуулья гэдэгт тууштай байгаа. Энэ байр сууриа дахин нотлохын хамт хэрэв та бүхэнд санхүүгийн хүндрэл байгаа бол харилцан ярилцаж, хамтын шийдвэр гаргаж байх ёстой шүү гэдгийг бас сануулж байна.

Төслийн хөрөнгө оруулагч:

-Монголын Засгийн газар Оюутолгой төслийг эхлэхээс өмнө урьдчилгаа болгон 250 сая ам.долларыг эргэн төлөх нөхцөлөөр зээлж авсан. Үүнийг 2013 оноос төлж эхлэх ёстой ч төлөөгүй байгаа. Үүнээс шалтгаалаад төслийн үйл ажиллагаанд санхүүгийн хүндрэл үүсч байна.

Монголын Засгийн газар:

– Хуулинд нийцсэн гэрээгээ дагаж ажиллах учиртай. Гэрээнд зээлийг төлж эхлэх дуусах хугацааг зааж өгсөн. Гэхдээ жилд төлөх хэмжээг гэрээнд заагаагүй. Харин жилд тутам төлөх суутган тооцолтын хэмжээг талууд тохиролцож, Сангийн яам баталгаажуулж хэрэгжүүлнэ гэсэн заалт байгаа. Энэ заалтынхаа тооцоог нийлье. Суутган тооцолтынхоо хэмжээг тогтоё гэж Сангийн яам удаа дараа санал тавьж байсан шүү дээ. Гэвч энэ асуудалд хөрөнгө оруулагч тал хариу өгөхгүй байсаар ирсэн. Өмнөх Засгийн газрын удирдлагын баг ч энэ ажлыг хийгээгүй. Үүнээс болж хугацаа алдсан. Хоёр тал тооцоогоо нийлээд баталгаажуулаад Монгол Улсын хуулийн дагуу төсөвтөө тусгаж УИХ-аар батлуулж байж сая бид татварын оронд суутган төлбөрийг хийх эрх нээгдэнэ. Ийм эрх өнөөдөр нээгдээгүй учраас суутган төлөлтийг хийх бололцоогүй байна.

Төслийн хөрөнгө оруулагч:

– 2013 оноос суутган төлөлт эхлэх ёстой байсан шүү дээ.

Монголын Засгийн газар:

-Яагаад хугацаа алдсан, яагаад энэ оны төсөвт энэ асуудал тусгагдаагүйг сая тайлбарлаж хэллээ. Одоо 2013 оны төсөв нэгэнт батлагдсан. Энэ төсөвт суутган төлөх хэмжээг тодорхойлж тусгаагүй учраас Засгийн газарт эрх өгөгдөөгүй. Тийм учраас 2013 онд суутган тооцох асуудал байхгүй. Харин 2014 оноос төсөвтөө тусгаж, хууль эрхийн дагуу УИХ-аас эрх нээлгэж байж суутган төлбөрөө өгнө. Энэ ажил удашаирч байгаад өнөөгийн Засгийн газар ямар ч буруугүй. Хуулийнхаа дагуу тооцоо нийлж баталгаажуулах саналаа бид удаа дараа хэлж байсан шүү дээ.

Төслийн хөрөнгө оруулагч:

-Монголын Засгийн газар урьдчилан авсан зээлээ төлөхдөө татварын орлогоос суутгахаар гэрээнд тусгасан. Тийм учраас бид татварын орлогоосоо үүнийг суутгах ёстой гэж бодож байгаа.

Монголын Засгийн газар:

-Татварын орлогод урьдчилан авсан зээлийг суутган тооцох асуудал шийдэгдээгүй учраас Оюутолгой төсөл хуулийн дагуу татвараа төлөх ёстой. 2012 онд бол татвар төлөгдөөгүй. Тийм учраас ийм нэр хүндттэй компани татварын үүргээ биелүүл ээ гэдэг байр суурийг Үасгийн газар баримталж байна. Татварыг урагш хойш гүйлгэж тооцох болоцоо байхгүй, хуулиараа л явах учиртай. Хөрөнгө оруулалтын болон урьдчилан авсан зээлийн төлбөрийн суутган тооцолтыг татварынхаа гэрээнд заасны дагуу хоёр тал тохиролцож, Сангийн яамаар гэрээ ёсоор баталгаажуулж байж цаашаа явна гэдэг зарчмаа бид тодорхой илэрхийллээ.

Хувь нийлүүлэгчдийн хурлын эхний өдрийн хэлэлцээ иймэрхүү харилцан яриагаар үргэлжилсэн дүр зураг харагдаж байна. Уг хурал сар шинийн баярын дараа дахин үргэлжилнэ гэж Уул уурхайн сайд мэдэгдсэн. Наадам хэдэн даваатай байхыг хурлын цаашдын явц харуулна гэсэн үг.

З.БОРГИЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж