Намрын чуулганаар юу амжуулав?

Хуучирсан мэдээ: 2013.02.08-нд нийтлэгдсэн

Намрын чуулганаар юу амжуулав?

Улсын Их Хурлын 2012 оны намрын чуулганы хуралдаан өндөрлөв. Гишүүд ажлын 93 хоног хуралдахдаа бие даасан хууль 16, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 68, олон улсын гэрээ, конвенци, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 3, хууль, хуулийн хэсэг, зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль 16, Улсын Их Хурлын 59 тогтоолыг тус тус хэлэлцэн батласан аж.
МАН бүлэгтэй болов

Эхнээс нь онцловол, Монгол Ардын намыг бүлэгтэй болгож өгөв. МАН-ынхан УИХ-ын даргаа хүлээн зөвшөөрөхгүй гэж зөрүүдлэсээр эцэст нь өөрсдөө бүлэггүй үлдсэн. Яалт ч үгүй 24 цагийн дотор бүлгээ баталгаажуулах хуультай байтал хууль зөрчин тэмцсэн нь ийн бүтэлгүйтлээр өндөрлөв. Хаврын чуулганд өөрсдийгөө бүлэгтэй гэж зүтгэж үзсэн ч эрх баригч биш тул хуулийн өмнө хүчин мөхөстөв. Энэ талаар МАН-ын гишүүн Ц.Шаравдорж “Бяр тэнхээ нь багтаж ядан байсан МАН ээлжит сонгуулиар УИХ-д бүлэг ч үгүй болж хувирахад хүрсэн. Хуулийг үл хүндэтгэж, өрсөлдөгчөө басамжилвал юунд хүрдгийг харав, харуулав” гэж удирдлагуудынхаа алдаатай бодлогыг товч дүгнэв. МАН-ыг бүлэгтэй болгохын тулд УИХ-ын Дэгийн тухай хуулийг өөрчилсөн шинэчилсэн хуулиар “найм ба түүнээс дээш тооны суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг УИХ-ын даргад өргөн мэдүүлснээр бүлэг эрх, үүргээ хэрэгжүүлэхээр” заав.

Татвар төлөгчийн мөнгөөр алдагдал хаахыг болиулав

 Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг баталснаар мөнгөн хадгаламжийн найдвартай байдал, санхүүгийн салбарын тогтвортой ажиллагаа хангагдсанаас гадна татвар төлөгчдийн мөнгөөр дампуурсан банкны алдагдлыг хааж, төр хариуцлага хүлээхгүй боллоо. Эргэн санавал 2008 онд Банкин дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргах тухай хууль батлагдсан бөгөөд Анод, Зоос зэрэг арилжааны банкууд дараалан дампуурснаар тэдгээрийн харилцагчдын харилцах, хадгаламжинд учирсан хохирол болох нийт 225 тэрбум төгрөгийг төр хариуцан төлсөн юм. Тухайн үед хадгаламжинд баталгаа гаргах нь банкнаас хадгаламжаа татах эрсдлийг бууруулснаараа үр дүнтэй бөгөөд хямралын үеийн бодлогын цэгийг ийн тавив.

Нийгмийн даатгалын шимтгэлийг шийдэв

Олон нийтэд шууд хамааралтайгаас онцловол, өөрөөс нь хамаарахгүй шалтгаанаар ажилласан жил нь тасарсан иргэдийн 1990-1995 онд төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийг төлснөөр тооцох, 1995-2000 онд төлөх байсан нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож, нөхөн төлж болохоор Нийгмийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан явдал байв. 1995 оноос Нийгмийн даатгалын шинэ хууль, нийгмийн даатгалын шинэ тогтолцоо бий болсон ба өмнө нь Монголд нийгмийн даатгалын тогтолцоо байгаагүй. Шинэ орчин бий болсон ч хууль сурталчлах ажил маш хангалтгүй хийсэн. Нийгмийн даатгалын шимтгэлийн талаар иргэд, байгууллага, тэр бүү хэл төрийн байгууллага ч ойлголт муутай байсан. Үүнээс болж ажилчдынхаа шимтгэлийг төлдөггүйгээс шимтгэл төлсөн жил нь олон жилээр тасарсан тохиолдол түгээмэл гарсан. Өөрөөр хэлбэл хуульд эхний таван жилийг нь төлсөн хэмээн тооцох, 1995-2000 оны хоорондох жилийг шинэ хууль үйлчилсэн эрсдлийн таван жил гэж ойлгоод энэ хугацаанд хамаарах 730 орчим мянган иргэний шимтгэл төлсөн жил нь тасарсныг нь өөрийнх нь төлөх 10 хувийг төлүүлснээр төлснөөр нь нөхөн тооцохоор хуульчилсан нь энэ юм.

Бонд гаргав

Улсын Их Хурал эдийн засгийн өсөлтийг хангах, урт хугацааны хөгжлийн хөрөнгө оруулалт, экспортыг дэмжих хүрээнд 5 тэрбум хүртэлх ам. долларын “Чингис” бонд, малчид, үйлдвэрлэгчдийг урамшуулахад 140,4 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5 жилийн хугацаатай үнэт цаас гаргаж, арилжаалахыг Засгийн газарт зөвшөөрөв. Хаврын чуулганаар “Чингис” бондын эх үүсвэрээр санхүүжигдэх төслүүдийг батлахаар болж. Энэхүү бондын мөнгө орж эхэлснээр нэн даруй барьж байгуулахад шаардлагатай уул уурхай, зам барилгыг барьж байгуулахад зарцуулахаас гадна гадаадын зээл, тусламжийг бууруулах боломж бүрдэж буй юм. Мөн Засгийн газрын зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулна гэдэгт их хэрэг болох гэнэ. Бондын мөнгийг “Халамжид зарцуулахгүй. Бүтээн байгуулалтад зарцуулна” гэж амласан Засгийн газрын тэргүүний амласан. Хэрэв амлалтандаа хүрэхгүй бол бонд гаргасан УИХ хариуцлага ярина.

Шүүхийн шинэчлэлийг үргэлжлүүлэв

Энэ удаагийн парламентад гавъяа ногдуулбал шүүхийн шинэчлэлийн хуулиудыг батласан гэж онцлож болно. Өнгөрөгч намрын чуулганаар шүүхийг шүүн таслах ажлын төрлөөр болон тойргийн зарчмаар байгуулах журмыг Шүүх байгуулах тухай хуульд тусгасан нь бас нэг том алхам байв. Нэг шүүгчид ноогдох хэргийн тоо дунджаар 80-120-ийн хооронд хэлбэлзэж байгаа. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийг шийдвэрлэх хугацаа 60 хоног гээд ерөнхий байдлаар үзвэл нэг шүүгч өдөрт хоёр хэргийг шийдвэрлэж буй бөгөөд дээрээс нь бусад хэргийн шүүх бүрэлдэхүүнд орох, тухайн материалуудтай танилцах гээд нэлээд ачаалал үүсдэг аж. Түүнчлэн нийслэлд буй шүүгчид хуваарилагдсан хэргийн тоо аль нэг аймгийн шүүхийн шүүгчийн хянан шийдэж буй хэргийн тооны харьцаа харилцан адилгүй байдаг, орон нутгийн иргэдэд шүүхээр асуудлаа шийдүүлэхээр явах нь зардал чирэгдэл ихтэй болдог гээд асуудлууд ихтэй байдгийг ийн зохицуулахаар оролдож. Мэдээж хууль хэрэгжиж эхэлснээр шүүхийн ачаалал буурах, хэрэг, маргааныг тухайн чиглэлээр мэргэшсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн хянан шийдвэрлэж байх боломж бүрдэнэ. Хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд хэргийн ачаалал болон хэргийг хянан шийдвэрлэх хугацаа чухал тул ачааллыг багасгахад тойргийн зарчим үүргээ гүйцэтгэнэ.

Мөн энэ удаагийн чуулганаар Боловсролын багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж сургууль, цэцэрлэгийн багш, ажиллагсдыг өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг олгохоор болсон. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгон гаалийн бүрдүүлэлтэд хүнд суртал, чирэгдэл учруулдаг байсан баримт бичгийн тоог цөөлсөн гээд боломжийн үр дүн гаргажээ. Гэвч ярьсан нь ихдэж, гаргасан нь цөөдсөн өмнө өмнөх парламентын алдааг мөн л давтав. Хүлээгдэж байсан хуулиудыг хэлэлцэхийн оронд улс төрийн жижиг асуудлыг хэлэлцэж цагаа барав. Уг нь тэд Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг шинэчлээд гаргачихсан бол жинхэнэ сайн үнэлгээ авах байв.

Б.МАНД
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж