Эко жолооч болсноор агаарын бохирдлыг бууруулна

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Эко жолооч болсноор агаарын бохирдлыг бууруулна

Агаарын бохирдлыг хүн бүхэн ярьдаг ч үүнийг шийдвэрлэхэд иргэн бүрийн хувийн оролцоо чухал гэдгийг тэр бүр ухамсарладаггүйн гайг өдрөөс өдөрт өөрчлөгдөж буй нийслэлийн өнгө төрхөөс харж болох юм. Нийслэлд 2009 оны байдлаар 120 гаруй мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа бөгөөд ШУТИС, БОАЖЯ-ны хамтран хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын төв орчмын агаарт байгаа азотын давхар ислийн 78.5 хувь, нүүрс хүчлийн дутуу ислийн 14-30 хувь нь автомашинаас ялгаран гарч байгааг тогтоосон байна. Агаарыг бохирдуулагч нэг эх үүсвэр болох автомашинаас ялгаран гарах утаа, түүнд агуулагдах азотын давхар исэл, нүүрсхүчлийн дутуу ба давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, хар тугалга гэх мэт 260 гаруй төрлийн бодис нь агаарт цацагдаж амьсгалын замын архаг өвчин, хорт хавдар үүсгэх, зүрх судас, мэдрэл, сэтгэхүйд нөлөөлөх зэргээр хүний бие организмд нөлөөлөх нөлөөллөөрөө хоёрдугаарт ордог аж. Өөрөөр хэлбэл нэг автомашин нэг минутын дотор 1000-2500 литр агаарыг бохирдуулж байгаа нь агаарын бохирдлын 36 гаруй хувийг эзлэж байгаа юм. Гэр хорооллын яндангууд зөвхөн хүйтний цагт биднийг утдаг бол төмөр хүлгүүд жилийн дөрвөн улирлын турш хор цацаж байгааг энэ үеэр онцолж байлаа. Харин энэ асуудалд иргэн бүрийн нийгмийн хариуцлагыг хандуулах үүднээс “Шинэ үеийн манлайлал” ТББ-ын залуус үйл ажиллагаагаа чиглүүлж байгаа юм байна. “ЮниГаз” ХХК болон NTV телевиз, МҮХАҮТанхим, Нийслэлийн агаарын чанарын алба  хамтран байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, эрүүл орчныг бүрдүүлэх, эрүүл мэндээ хамгаалах, агаарын бохирдлыг бодитоор бууруулах зорилгын хүрээнд байгууллагын автомашиныг хийн түлшинд шилжүүлж, эко хэрэглээг дэмжин хэрэгжүүлэх, “АГААРЫН БОХИРДОЛ – БИДНИЙ ХАРИУЦЛАГА” уриалга хамтран гарган, энэхүү үйл ажиллагаандаа нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллагуудыг уриалан дуудах, хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурах ажлыг эхлүүлээд байна. Тус ТББ-ын гүйцэтгэх захирал Ө.Эрдэнэболдоос тодруулсан юм.
-Нийслэлд агаарын бохирдол ямар хэмжээнд хүрээд байгаа вэ?
-Улаанбаатар хотын агаарын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрч, ялангуяа автомашинаас ялгарах утаанд агуулагдах хорт бодисын хэмжээ хотын агаарын бохирдлын 40 орчим хувийг эзэлж байгааг мэргэжлийн байгууллага тогтоогоод байна. Гэр хорооллын утаа зөвхөн өвлийн улиралд ялгардаг бол хамгийн хортойд тооцогдох автомашины утаа жилийн дөрвөн улирлын турш өдөр шөнөгүй байнга ялгарч хордуулсаар байна. Автомашины утаанд агуудагдах 260 гаруй төрлийн хорт бодисууд нь ихэвчлэн насны онцлогоо дагаад дархлаа тогтож амжаагүй байгаа бага насны хүүхэд, жирэмсэн эх болон жолооч нарыг илүү ихээр хордуулж байгааг эмч мэргэжилтнүүд онцолж байна. Бензин хөдөлгүүртэй нэг автомашин 1 минутын дотор 1500-2500 литр агаарыг бохирдуулдаг.

-Автомашинаас ялгарч буй хорт хийг багасгах зорилгоор суурилуулж буй нэмэлт төхөөрөмжийн давуу тал нь юу вэ?
-Мэдээж газ нь бүтэн шаталт явагдаж, бинзеныг бодвол хорт бодис буюу хар тугалга өөрөөсөө ялгаруулахгүй давуу талтай. Тийм учраас бинзенээс ялгаатай. Агаарын бохирдолыг багасгахад иргэн та автомашиныхаа хэрэглээг өөрчилснөөр эко жолооч боллоо гэсэн үг. “Шинэ үеийн манлайлал”ТББ нь БОАЖЯ, Агаарын чанарын алба, Монголын худалдаа аж үйлдвэрийн үндэсний танхим, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Замын цагдаагийн газар, нийслэлийн захирагчийн ажлын алба зэрэг олон байгууллагуудтай хамтарч, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон байгууллага, бизнесийн топ 100 аж ахуйн нэгжид 1-5 автомашиндаа авто газад шилжүүлэхийг уриалсан уриалгыг өнөөдрөөс хүргүүлэх юм. Ингэснээр тухайн компанид ямар ашигтай юм бэ гэхээр нэгдүгээрт, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, байгаль орчноо бохирдуулахгүй зөв удирдагч болж байгаа бол хоёрдугаарт үүнээс бодит хэмнэлт эдлэх боломжтой. Тухайлбал 100 км-т 10 литр бинзен зарцуулдаг байлаа гэхэд газын нэмэлт төхөөрөмжид шилжүүлснээр зарцуулах хэмжээ нь ижилхэн ч үнийн зөрүүнээс эдлэнэ. Бинзен 1395төгрөг, газ 1020 төгрөг буюу үүнээс 375 төгрөгний зөрүү гарч, өдөрт арван мянган төгрөгний бинзен зарцуулдаг байсан бол жилд нэг саяаас дээш хэмнэлт эдлэх боломжтой. Автогазын октан тоо 105-120 байдаг бөгөөд бүрэн шаталт явагддаг учир таны автомашины эд анги, тоног төхөөрөмж, моторын эдэлгээг уртасгаж хүчин чадлыг нэмэгдүүлдэг. Нөгөө талаар жолооч нар нэг сөрөг ойлголттой байна. Учир нь газын нэмэлт төхөөрөмж суурилуулснаар тэр чигээрээ газад шилжих юм шиг ойлгодог. Бензин, автогаз хослуулан хэрэглэх хос түлшний системтэй болох боломжийг олгож байгаа гэдгийг ойлгох нь хамгийн чухал. Өөрөөр хэлбэл хүссэн үедээ та алийг нь ч сонгох нь таны эрх. Гэхдээ байгаль дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрэглээгээ хязгаарлахгүйгээр бодит хувь нэмэр оруулах нь хамгийн зөв хэрэглээ гэдгийг санах нь хамгаас чухал.
-Өнгөрсөн нэгдүгээр сард газын нэмэлт төхөөрөмж автомашиндаа суурилуулсан жолооч нарт газ борлуулагч зарим компаниуд нийлүүлэлт нь доголдож байсан тал бий.  Энэ жилийн хувьд газыг оруулж ирж байгаа компаниудын нийлүүлэлтийн хүчин чадал хир байгаа вэ?
-Энэ оны нэг, хоёрдугаар сард 200 машины тендер зарлан, Юнигаз компани, Би би эн ай компаниуд автоашинуудад төхөөрөмжөө суурилуулаад дуусч байна. Тухайн компаниуд Сибирын -40°С хэмд шалгарч, батлагдсан 2009 онд Европын зах зээлд нэвтрэсэн ISO/TS 16949 стандартын төхөөрөмжийг Доктор авто сүлжээ, Юнигаз компаниудын салбаруудад энэхүү үйлчилгээг хийж байна. Эдгээр компаниудын удирдлагууд хангалттай багтаамж нь байгаа гэдгийг амалж байгаа. Бидний зүгээс хийх хамгийн гол ажил нь иргэдийн ухамсарыг л энэ зүгт хандуулах зорилготой. Та автомашинаа автогаз уруу шилжүүлснээр жилд ялгарах хорт бодисын хэмжээг 65% буюу 100 кг-аар бодитой бууруулж чадна. Энэ хэмжээгээр та үр хүүхдүүддээ цэвэр агаарыг бэлэглэж байна гэсэн үг.
– Эко түлш буюу газыг автомашиндаа хэрэглэснээр агаарын бохирдолыг хичнээн хувиар бууруулах бол?
-Энэхүү ажлын хүрээнд нийгмийн хариуцлага болон эко хэрэглээг дэмжигч, хэрэгжүүлэгч байгууллагууд хамтран агаарын бохирдлын бууруулахад бодитой хувь нэмрээ оруулахад аж ахуйн нэгж, байгууллага таван автомашиндаа хийн төхөөрөмж суурилуулахад нэг жилд ялгаран гарах хорт бодисын хэмжээг тус бүр 500кг буюу 65 хувиар бууруулах тооцоо гарч байгаа бөгөөд тэр хэмжээгээрээ цэвэр агаарыг бий болгож байгаа юм. Дэлхийн хэмжээнд хар тугалгын хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээ хүүхдийн децилитр цусанд 10мг-аас доошгүй байна гэсэн заалттай байдаг аж. Гэтэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2006 онд хийсэн судалгаагааг Улаанбаатар хотын хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын дундаж агууламж 16мг гарсан байна. Хар тугалганд хордсон хүүхдийн яс сийрэгжих, цочромтгой, зожиг болох, ядрах, ой тогтоолт муудах сөрөг нөлөөтэй. Манай улсад импортоор оруулж ирж байгаа бензин нь хар тугалгын өндөр агууламжтай байдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Нэгэнт л гэнэт ухамсарлаад байгаль дэлхийдээ хайртай иргэн болох гээд машин тэргээ хаяад явган ажил төрлөө амжуулахгүйгээс хойш автомашиндаа энэхүү төхөөрөмжийг суурилуулахад түүртлээ гэхэд нэг өдөр л хангалтай байж таарна. Дээр дурьдсан өвчлөлийн хэмжээ, ялгаруулж буй хорт хийн талаар сонссон эгэл жирийн жолооч та гэр бүлийн хэн нэг тань өвдөөгүй тохиолдолд холуур тойруулан бодож магадгүй. Гэхдээ агаарын бохирдолын хор уршиг өнгө мөнгө, царай зүс, залуу хөгшнийг ялгаварлахгүй гэдгийг санахад илүүдэхгүй. Өнөөдөр Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн тоо  2005 онд 74,000 байсан бол 2009 оны байдлаар 130,000 гаруй болж 2 дахин нэмэгдсэн байна. Хүн амын төвлөрөл, авто тээврийн хэрэгслийн тоон өсөлттэй шууд хамааралтайгаар агаарын бохирдлын хэмжээ ч улам бүр өсөн нэмэгдэх хандлагатай байна. Нэг иргэн ухамсарлахад нилээд хүрээнд сайн үлгэр дууриалалыг үзүүлж, араасаа хэд хэдэн ухамсарт эко жолоочийг төрүүлэх нь гарцаагүй. Жил бүхэн гэр хороололын утааг багасгаснаар агаарын бохирдолыг бууруулах юм шиг зүүдлэж байдагаа больж, нүдэнд үл үзэгдэгч хорт утааг ялгаруулагч түлшнээс татгалзах цаг болсныг дээрх баримтууд хангалттай нотолсон байх гэдэгт итгэж байна.
Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж