Мөн саяхан олон жилийн турш Монгол төрийн дотоод амьдралд идэвхтэй оролцож, түүний доторхи уур амьсгал, чиг хандлагыг сайн мэдэж байгаа Монгол Улсын гавъяат хуульч, Улсын Их Хурлын гишүүн асан Ц.Шаравдоржийн Монгол ардын нам, Монгол ардын хувьсгалт намын нийт гишүүд, дэмжигчдэд хандаж “Зууны мэдээ” сонины энэ оны хоёрдугаар сарын 6-ны дугаарт нийтлүүлсэн ил захидалд намууд, улс орны өнөөгийн байдалд чин шудрага дүгнэлт өгчээ.
Уг захидлын утга санаа тус хоёр намын олон мянган гишүүд, дэмжигчид, Монголоо гэсэн үзэл бодолтой хэн бүхний сэтгэлд нийцэж байгаа гэдэгт бид итгэж байна.
Хариуцлагагүй зарим улс төрчдийн харгайгаар манай намд харамсаж баршгүй хагарал үүссэн. Энд намын жирийн гишүүд ямар ч буруугүй. Энэ хагарлын уршгаар намын хүч суларч, нөлөө нь буурсныг амьдрал харуулав. Нөгөө талаар, төрийн бодлогын чухал чухал шийдвэрийг Ардчилсан нам дангаар гаргаж, тооцоо бодох, хонзогнох байр сууринаас асуудалд хандах, ажлаа мэддэг гэм зэмгүй олон тооны хүмүүсийг хоморголон ажлаас халж улсад хохирол учруулах гэх зэргээр дураар авирлан нэг ёсондоо нэгэн намын дарангуйлал тогтоож байгааг учир мэдэх хүн бүр ойлгож ярих болов.
Ийм нөхцөлд Монгол Ардын Нам, Монгол Ардын Хувьсгалт Намын гишүүн Та бидэнд хүчээ нэгтгэхээс өөр сонголт одоо нэгэнт үгүй болжээ. Иймээс бусниулсан эв нэгдлээ эргэн сэргээхэд хүн бүр хүчин зүтгэл гаргахыг бид журмын нөхөддөө уриалж байна. “Цувж явсан бараас цуглаж суусан шаазгай хүчтэй” гэсэн ардынхаа цэцэн үгийг санацгаая.
Их эзэн Чингэс хааны зарлигт: “Олон толгойтой, нэг сүүлтэй могой нүхээ олоод орчихож чаддаггүй, харин олон сүүлтэй мөртөө нэг толгойтой бол олоод орчихдог” хэмээн эв нэгдлийн эрхэм чухлын тухай айлдсан байдаг. Энэ бол ялгуусан хэмээх Усан могой жилд Та бидний санаж бодож, дээдлэж хэрэгжүүлэх эрхэм зүйл гэж үзэж байна” гээд
Түмэнбаярын Рагчаа
Дамдины Гомбожав
Паавангийн Дамдин
Лхамсүрэнгийн Лантуу
Цэвээнжавын Өөлд
Цэрэнпилийн Балхаажав
Гэлэгийн Адьяа
Хорлоогийн Цэвлээ
Лхамын Цэрэндондог
Пунцагийн Шагдарсүрэн
Цэндийн Адьяа
Жалелийн Хайрулла
Шаравын Сүрэнжав
Цэвэгийн Амгалан
Шагдарын Дашцэрэн
Чойжилжавын Гомбосүрэн гэж гарын үсгээ зурсан байна.