Парламент ардчиллын зарчмуудаасаа ухарсан гэв

Хуучирсан мэдээ: 2013.02.08-нд нийтлэгдсэн

Парламент ардчиллын зарчмуудаасаа ухарсан гэв

УИХ-ын намрын чуулган өндөрлөсний дараа УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Тус бүлэг хуралдаанаараа УИХ-ын намрын чуулганы үйл ажиллагаа ямар байв, яаж ажиллав, олонхи цөөнхийн харьцаа хэр хангагдаж ажиллав гэдэгт үнэлэлт дүгнэлт өгчээ. Энэ талаарх мэдээллийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд, дэд дарга С.Бямбацогт, Д.Оюунхорол нар сэтгүүлчдэд өглөө.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд

-Анхдугаар чуулганы хугацаанд үндсэндээ парламент үнэт зүйлүүдээсээ ухарсан, парламентын ардчилал хумигдсан чуулган болж өнгөрлөө” гэж дүгнэж байгаа. Олон нийтэд хамгийн ойлгомжтой асуудал бол МАН-ын бүлгийг яагаад байгуулахгүй байсан бэ? Цөөнхийн дуу хоолойг сонсохгүйгээр УИХ-аар хэлэлцэж байгаа асуудалд саналыг нь тусгахгүйгээр маш олон хуулийг баталсан. Тодруулж хэлбэл, хүн амын 40-өөд хувийн саналыг тусгахгүйгээр улстөрийн олон шийдэл гаргасан нь ард түмний нийтлэг эрх ашгийг хөндөж хагалж хуваах алхам руу татсан. Нөгөө талаас УИХ-ын дотоод зохион байгуулалтын тухай асуудлыг хуулийн дагуу шийдэж чадсангүй чуулганыг завсарлууллаа. Хуульд байнгын хороодын бүрэлдэхүүнийг олонхи цөөнхийн харьцаа ямар байна тэр хэмжээгээр бүрдүүлэх ёстой гэж заасан. Гэвч хуулийг мөрдөөгүй. Өнөөдөр олонхийн бүлгийн гишүүн нэг бүр гурван байнгын хороонд харьяалагдаж байхад цөөнхийн бүлгээс нэг гишүүн нэг л байнгын хороонд харьяалагдаж байна. Энэ алдааг засахаар хуулийн төсөл өргөн мэдүүлээд УИХ-д оруулахаар хэлэлцэхгүй байсаар чуулганыг завсарлууллаа. УИХ-д авсан суудлын тоогоороо бол УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд нэг байнгын хороонд доод тал нь зургаа, дээд тал нь найман гишүүн оролцож байр сууриа илэрхийлэх ёстой. Гэтэл нэг байнгын хороонд 2-3 гишүүн л харьяалагдаж байна. Үүний хор уршиг ч гарч байна, тухайлбал, Төрийн нууцын жагсаалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өнөөдөр УИХ-аар хэлэлцэгдээд уналаа. Өмнө нь Засгийн газар дээрх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд хэлэлцэгдэхэд унаж байсан, гэвч олонхи улайрч зүтгээд дахин оруулж ирсэн. Байнгын хороонд харьяалагдах гишүүдийн харьцаа хуулийн дагуу байсан бол хуулийн төсөл дээр бүгдийнх нь санал тусч тэр хэрээр цаг алдан асуудлыг газар авахуулахгүй байх бүрэн боломж байсан. Тиймээс УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд УИХ-ын дотоод зохион байгуулалтын тухай асуудлыг тавина гэж бүлэг шийдсэн. Энэ ажиллана.

Хоёрдугаарт, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хурал Улаанбаатар хотод болно. Энэ хуралдаанд бид 2012 оны УИХ-ын сонгуулиас хойш ардчиллын байдал ямар байгаа талаар тусгайлан байр сууриа илэрхийлж хэлэлцүүлнэ. Ардчиллыг зөв төлөвшүүлэхийн төлөө дотоод, гадааддаа ойлгуулахгүй бол олонхи хүч түрж асуудлыг шийддэг жишиг тогтох нь. Цаашдаа ийм жишиг тогтвол Монгол бүс нутагтаа ардчиллын үлгэр жишээ болж байсан нэр хүнд унана түүгээр зогсохгүй улстөр, эдийн засгийн бусад салбар хүрээнд хойш татсан асуудал гарч ирнэ. Тийм учраас энэ асуудлыг хөндөх ёстой гэж бүлгээр үзлээ.

Гуравдугаарт, УИХ-ын Засгийн газарт хяналт тавих үйл ажиллагаа хуульд заасан хэмжээнд бүрэн дүүрэн хэрэгжихгүй байна гэж дүгнэсэн.  Үүний хамгийн том шалтгаан нь Засгийн газрын нийт 19 гишүүний 17 нь УИХ-ын гишүүн байгаа явдал. Засгийн газартаа хяналт тавих пункц хэрэгжүүлэхэд энэ нь томоохон саад учруулж байгаа.  Яагаад гэхээр Засгийн газрыг дагалдаад орж ирсэн бодлогоо батлаад, дараа нь өөрөө хэрэгжүүлээд хянах хэмжээнд хүртэл очиж байна. Нөгөө талаас олонхийн бүлгээс нэг гишүүн гурван байнгын хороонд харьяалагдаж байхад цөөнхийн бүлгээс нэг л гишүүн ганц байнгын хороонд харьяалагдаж байгаа нь мөн энэ хяналтыг алдагдуулж байгаа шалтгаан гэж бид үзсэн. Тийм учраас энэ бүхнийг цөөнхийн бүлэг анхаарч ажиллах ёстой гэж үзлээ” гэсэн юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт төрийн албанаас чөлөөлөгдсөн хүний тоо 7000-д хүрсэн тухай мэдэгдлээ. Тэрээр энэ тухай:

-Төрийн албаныхныг хууль бусаар халж байгаа гэдгээ эрх баригчид хүлээн зөвшөөрч байгаа учраас Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулахаар болж хуулийн төсөл УИХ-д орж ирсэн. Энэ нь хууль бус үйлдлээ хаацайлахын тулд хуулийг өөрчлөх оролдлого гэж үзнэ. Засгийн газрын хувьд 40 гаруй агентлагийн дарга нарыг халж, 19 яамны төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч томилсон байгаа.  Энэ алдаагаа засахын тулд агентлагийн дарга нарын сонгон шалгаруулалт зарлаж байх шиг байна. Хууль зөрчин асуудлыг шийдэх муйхар аргыг олонхийн бүлэг хүч түрэн хийж байна. Тухайлбал, 2012 оны төсвийг 2013 оныхтой харьцуулахад нэг их наяд 100 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Үүнээс 300 тэрбум нь хөрөнгө оруулалтын зардал бол бусад нь урсгал зардал. Төрийн алба нь улам л нүсэр данхгар болж байна, гэвч төрийн үйлчилгээ сайжирсангүй. Бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах зорилгоор Засгийн газраас 720 тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Урьд жилүүдэд сар бүр иргэддээ 21 мянган төгрөг олгож, цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлж байсан. Шинэчлэлийн Засгийн газар Аж ахуйн нэгжүүдээ дэмжээд, бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулна гэсэн ч харамсалтай нь үнэ өссөөр байгаа. Энэ байдлаар хэрэгжүүлж буй бодлого дээр алдаа гарч байна. Тийм учраас үнийг тогтворжуулах чиглэлээр цөөнхийн бүлэг Засгийн газар шахалт шаардлага тавьж ажиллана” гэлээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж