Утаагүй Улаанбаатар хөтөлбөр 2016 он хүртэл хэрэгжинэ | News.MN

Утаагүй Улаанбаатар хөтөлбөр 2016 он хүртэл хэрэгжинэ

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Утаагүй Улаанбаатар хөтөлбөр 2016 он хүртэл хэрэгжинэ

Манай улсын нийт хүн амын бараг тал хувь нь нийслэл хотдоо төвлөрөөд
байгаа. Энэ хүн амын хэт төвлөрлийг дагаад агаарын бохирдол, хог
хаягдал, хүчиллэг хур тунадас, аюултай хог хаягдлын бохирдол, цэвэр усны
нөөцийн хомсдол зэрэг сөрөг үр дагаврууд хэмжээ хязгаараас хэтэрчээ.
Нэг өрх жилд дунджаар 5.2 тонн нүүрс, 4.7 м3 түлээ  хэрэглэж,  дулааны
гурван цахилгаан станц жилдээ 3.9 сая тонн нүүрс шатааж байгаагаас
Улаанбаатар хотын агаарт жил бүр 260 мянган тонн хорт бодис цацагддаг
гэсэн судалгааны дүн гарчээ. Мөн жилээс жилд тоо нь огцом нэмэгдэж
байгаа авто тээврийн хэрэгслээс ялгарч буй хорт хийнүүд нэмэгдэхээр
гамшгийн хэмжээнд хүрээд байгааг холбогдох албаныхан дүгнэж
байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг  зөвшөөрөгдөх хэмжээнд нь
хүртэл цэвэршүүлэхийн тулд үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлэх нэн
тэргүүний стратеги зорилтууд, үйл ажиллагаа, түүнд шаардагдах хөрөнгө
санхүүгийн тооцоог цогцоор нь тодорхойлон гаргаж,“Утаагүй Улаанбаатар”
хөтөлбөрийг Засгийн газраас боловсруулсаныг саяхан УИХ-аар баталсан.
Харин
санхүүжилтийн асуудал дээр гацаад байгаа. Хөтөлбөрийн боловсруулах
ажлын хэсгийг ахалж ажилласан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Л.Гансүх энэ асуудлыг УИХ-ийн Төсвийн байнгын хороонд танилцуулж, Хүний
хөгжлийн санд төвлөрүүлэхээр хуульд заасан тодорхой эх үүсвэрүүдээс
“Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн санхүүжилтэд тодорхой хэсгийг нь
зориулахаар хуульд өөрчлөлт оруулж өгнө үү хэмээн хүссэн ч цаадуул нь
“Наадах чинь хүний хөгжилтэй огт холбоогүй асуудал байна” гээд унагаж
орхисон. Одоо Эдийн засгийн байнгын хороон дээр бас нэг удаа орж, голио
шиг азаа үзэх л үлдэж байна даа. Уг нь энэ хөтөлбөрт хүн амын хэт
төвлөрлийг сааруулахад чиглэсэн хууль эрх зүйн зөв зүйтэй орчинг
бүрдүүлэхээс аваад агаарын төлбөрийг бий болгох, барилга, орон сууцны
төлбөрийг хөнгөвчлөх, зээл олголтыг дэмжих, авто тээврийн хэрэгслийн
түлшийг байгаль хоргүй хэрэглээнд шилжүүлэх, татварын хөнгөлөлт эдлүүлэх
гээд холбогдох 13 хууль, тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэн
найруулах, долоон хуулийг шинээр боловсруулж, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр
тусгажээ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 2010-2012 онд 8.855.205,0
сая, 2013-2016 онд 9.362.162,8 сая, нийт 18.217.367,8 сая төгрөг
шаардагдах тооцоог БОАЖЯ, ЭБЭХЯ, ЗТБХБЯ, Улаанбаатар хотын захирагчийн
алба болон холбогдох мэргэжлийн байгууллагууд гаргасан байна. Дээрх
зардлын 40.9 хувь нь Улаанбаатар хотын төвлөрлийг багасгах, шилжин ирэх
ирэгсдийн урсгалыг сааруулах, зогсоох зорилгоор хөдөө орон нутагт
хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бүсийн төвүүдэд орон сууцны хорооллыг
цогцоор хөгжүүлэх болон “Шинэ сумын төв” төсөл хэрэгжүүлэхэд зарцуулах
юм байна.  Нийт зардлын 6.8 хувийг төвлөрсөн төсвөөс,  92.7 хувь буюу
16.893.948,8 сая төгрөгийг уул уурхайн бүтээгдэхүүн нийлүүлэх замаар
төлбөрийн баталгаа гаргах болон Улаанбаатар хотын өмчид бүртгэлтэй
үндсэн хөрөнгийг барьцаалах замаар бүрдүүлэх санхүүжилтээс, 0.5 хувь
буюу 92.455,0 сая төгрөгийг зээл, тусламжаар  тус тус гаргахаар 
тооцжээ.


Да.Ганболд: Би энэ хүмүүсээс ангид байж чадахгүй

Энэ талаар Нийслэлийн захирагчийн
байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч Да.Ганболдоос тодрууллаа.

-Агаарын
бохирдлыг бууруулахад энэ жилийн төсөвт багагүй хэмжээний төсөв
суулгасан. Одоо энэ ажлын гүйцэтгэл ямархуу яваа вэ?

-Яг
өнөөдөр гараад байгаа бодитой өөрчлөлт бага. Өнгөрсөн оноос л эхэлж бага
хэмжээний мөнгө зарцуулж эхлээд байгаа шүү дээ. Гэхдээ Улаанбаатарыг
утаанаас, агаарын бохирдоос салгач гэвэл сая “Утаагүй Улаанбаатар”
хөтөлбөрт суулгасан шиг 17-18 их наядаар л шийдэж болно.

-Гэхдээ
“Утаагүй Улаанбаатар”-ын санхүүжилт одоогийн байдлаар Төсвийн байнгын
хороон дээр уначихаад байгаа?

-Мэдэж байгаа. УИХ-ын гаргасан
шийдвэрийг муулдаггүй юм. Дуртай ч дургүй ч хүлээж авдаг юм. Танд бороо
таалагдана уу, таалагдахгүй байна уу гэдэг асуудал байхгүй шүү дээ.
Гагцхүү шүхэр авсан бол та хуурай үлдэнэ, шүхэргүй бол хамаг үнэтэй
хувцас, бичиг баримтаа норгоно. Таны асуудал болж байгаа байхгүй юу.
Тиймээс УИХ миний асуудлыг шийдсэнгүй, энэ нь ч унагачихлаа, тэр нь ч
уналаа гээд байх юм байхгүй. Хэндээ гомдох юм. Оросуудад гомдох уу,
Америкт гомдох уу, монголчууд бид өөрсдөө л унагаж байгаа биз дээ. Цаг
нь болоогүй л юм байна, хөгжих болоогүй юм байна, хөгжлийг даах хэмжээнд
хүрээгүй л байгаа юм байна. Радикальный, огцом бодлогоор шийдэх ийм том
асуудлыг тийм том төслийн хүчээр л шийддэг болохоос биш эхийг нь эцээж
тугалыг нь тураахгүй гээд хувааж байгаа төсвийн хөрөнгөөр шийддэгүй юм.
Татвараар цуглуулсан мөнгөө эн тэнцүү хуваагаад өгчихнө гэдэг чинь
үнэндээ Сангийн сайдын ажил биш шүү дээ, дөрвөн аргын тоо мэддэг захын
хүн үүнийг хийнэ. Политика гэдэг бол бодлого, политический вопрос гэдэг
чинь бодлогын асуудал. Бодлого хийхийн тулд хүнд ухаан, тэсвэр тэвчээр
хэрэгтэй. Хамгийн амархан нь байгаа юмыг хуваагаад өгчих. Дээр үед иргэн
хүнд бодлого гаргах эрхийг өгдөггүй байсан учраас долитик гэдгийг
улстөрийн асуудал, улс төрийн хэрэг, хэрэгтэн гэж ойлгож ирсэн. Одоо ч
тэр хэвээрээ байгаа нь энэ.

-Гэхдээ Төсвийн байнгын хорооны
хуралдаан дээр хотынхон өөрсдөө ирээгүй, ирсэн бол “Утаагүй
Улаанбаатар”-ын санхүүжилт унахгүй ч байсан юм бил үү?

-Очилгүй
яах вэ дээ, асуудлаа шийдүүлэхийн тулд байнга л очино шүү дээ. Гэвч
очихоор нөгөө хурал нь болж өгдөггүй, гишүүд нь ирдэггүй. Гэтэл энд чинь
бас бидэнд ажил байна шүү дээ. Тэгж тэгж гэнэт л нэг юм зарласан юм шиг
байгаа юм. Харамсалтай нь энэ байшин дотор нэг ч гишүүн байхгүй.

-Төсвийн
байнгын хорооны гишүүдээс “Утаагүй Улаанбаатар” чинь хүний хөгжилтэй
холбоогүй асуудал байна. Та нар наад төслөө хэрэгжүүлмээр байвал дахиад
нэг сан байгуулчих л даа гэсэн шүү?

-Тэглээ гээд би одоо
тэрний төлөө яах юм, хэнд гомдох юм. Гомдохоо больчихсон шүү дээ. Би тэр
хүмүүсээс ангид байж чадахгүй, тэд миний хувь заяаг шийдэж байна.
Тэглээ гээд би тэр хүмүүсийг буудаж, барьж аваад алгадаж чадахгүй. Ард
түмэн сонгоод гаргаад ирсэн, ийм хүмүүсийг дээрээ суулгасандаа баярлаад л
явж байя. Харин битгий тэднээс олон юм нэхэж гоншигно л гэж хэлэх
байна.

Д.Долгор

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ха ха ха 2010-05-25 119.40.100.98

Сайхан мөнгө цохих арга Улам л утаа нэмэгдэх нь ойлгомжтой Унгастын өвөр дулаан утаатын гэр дулаан гэдэг юм Өвөл жаахан ч дулаан байх магадлалтай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж