Шатахууны үнэ бас л нэмэгдэх нь

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Шатахууны үнэ бас л нэмэгдэх нь

Сүүлийн үед бензинийн үнэ нэмэгдэнэ гэх яриа эрчээ авч байна. Бензиний үнэ нэмэгдэхэд бусад бүх бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг нь жам. Газар тариалангийн ажил ид өрнөж буй энэ улиралд дизель түлшний хэрэглээ өсдөг. Яг ийм үед манай ганц нийлүүлэгч  ОХУ нефтийн бүтээгдэхүүний импортын үнээ нэмсээр байна. Нэгэнт импортын татвар нэмэгдсэн ч  хувийн компаниуд үнээ хөдөлгөх эсэхээ мэдэхгүй Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгийн амыг харсаар хоёр сарын нүүр үзэж байна.
Монголд нефть нийлүүлдэг монополь компани “Роснефть” өнгөрсөн дөрөвдүгээр сард бүтээгдэхүүн нийлүүлэх үнээ тонн тутамд А80-аа 51, А92-ын үнийг 43 ам.доллараар нэмжээ. Өвлийн түлш зуныхаас илүү үнэтэй байдаг. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлээд манайхан зуны түлш авч байгаа. Зуны түлш нь өвлийнхөөс 24 ам.доллараар хямд юм байна. Гэтэл тавдугаар сард нийлүүлэгч ахиад бүх түлшнийхээ үнээ нэмчихжээ. Өнөө тонн нь 24 ам.доллараар хямдарсан зуны түлшний үнэ шууд 76 ам.доллараар нэмэгдсэн байна.
Харин А80-ыг тонн тумамд 39 ам.доллараар, А92-ыг тонныг нь 31 ам.доллар болгож өсгөжээ. Шатахууны үнэ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний суурь үнэ болдог учраас Монголын импортлогчид эдийн засгаа бодоод худалдааны үнээ нэмж чадахгүй суугаа гэх. Уг нь Засгийн газраас байгуулж, дэд сайд Б.Ариунсанаар ахлуулсан Ажлын хэсэгтэй хэлэлцэж үнэ нэмэх асуудлаа шийдэж байна гэсэн тохироотой ч Засгийн газар нүүр буруулав уу гэлтэй таг чиг. Импортлогчид ч яаж тэсэх вэ, энэ асуудлаар хоорондоо мэр сэр ярилцсаар саяхан Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд төрийн зүгээс ямар нэгэн зохицуулалт хийхгүй бол үнээ нэмэхэд хүрч байна гэсэн утга бүхий сануулга өгчээ. Тэд өмнө нь хэрэгжүүлж байсан шигээ импортын татвараар зохицуулалт хийж шатахууны үнийг нэмэхгүй байх боломжтой гэж үзсэн байна.
Хэрвээ тонн тутамд нэмэгдсэн өртгийг худалдааны үнэд шингээвэл дизелийн түлш литр нь дор хаяж 104.88 төгрөгөөр өснө гэсэн бүдүүн тоймын тооцоо байна. Одоо хэрэглэгчид 1300 төгрөг гэсэн ханш мөрдөж байгаа бол 1400 гаруй төгрөг болно гэсэн үг. Энэ нь газар тариалангийн ажлын үед багагүй дарамт болох нь дамжиггүй. Жишээлбэл, 200 литрийг одоогийн үнээр авахад 260 мянган төг, нэмэгдсэн үнийг оруулж тооцвол 281 мянга орчим төгрөг болно. Нөгөө хоёр бензиний үнэ ч мөн дараалан нэмэгдсэн байгааг сануулъя. Импортлогчид дизелийн түлшнй нэмэгдсэн үнийг ирэх бямба гаригаас мөрдөж эхлэхээр хэлэлцэж байгаа гэнэ.
Учир нь яст мэлхийн хурдтай яам, тамгын газрынхны шийдвэрийг харсаар байтал “Роснефть”-ээс ирэх зургадугаар сард мөрдөх үнийн саналаа ирүүлэх хугацаа тулаад байгаа аж.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж