Хүүхдийн гүрэнт улсын 35 жилийн ой

Хуучирсан мэдээ: 2013.02.08-нд нийтлэгдсэн

Хүүхдийн гүрэнт улсын 35 жилийн ой

Хүүхдийн гүрэнт улсын 35 жилийн ой

Олон Улсын хүүхдийн “Найрамдал” төвийн 35 жилийн ой энэ онд тохиож байгаа. Тэд ойдоо зриулан олон арга хэмжээ зохион байгуулж буйн нэг нь тус төвийн “Хараацай” театрт болсон ардын урлагийн оны шилдгийг шалгаруулдаг “Мөнгөн хараацай” хүүхдийн урлагийн наадам байлаа.

Тус төвийн санаачлагыг дэмжин хүүхэд, багачуудын авьяасыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хүүхдийн төлөө үндэсний төв,  дэмжигч байгуулагаар “MCS Coco Cola” ХХК хамтран ажиллажээ.

Олон Улсын хүүхдийн “Найрамдал” төв, Хүүхдийн төлөө үндэсний газраас хамтран зохион байгуулсан “Мөнгөн хараацай” наадам ардын урлагийн авьяастан хүүхэд багачуудыг нэгэн тайзнаа цуглуулж, шилдгийг шалгаруулсан юм. Тэд энэ өдөр ардын урлагийн гайхамшигт дуу, хуур, бүжгээр хоёр давааг даван өрсөлдсөн шилдгүүдийн тоглолтоор ирсэн зочдод бэлэг барьсан юм. Шилдэг оролцогч хүүхдүүдийн урлагийн нэгдсэн тоглолт мэргэжлийн уран бүтээлчдийнхээс дутахааргүй сайхан болсныг онцлох нь зүйтэй болов уу. Тиймдээ ч ирсэн зочид тэдний авьяасыг өндрөөр үнэлж, алга ташилтыг харамгүй хайрласан юм. Ингээд наадмын шилдгүүдийг танилцуулъя.

“Мөнгөн хараацай 2012” хүүхдийн урлагийн их наадмын шилдгүүд:

  1. Оны шилдэг ардын дуучин: Булган аймгийн Булган сумын сургуулийн сурагч Даваасүрэнгийн Совд “Гандий мод” дуугаар
  2. Оны шилдэг уртын дуучин: Дундговь аймгийн Сайнцагаан сумын сургуулийн сурагч Гансүх Баярцэцэг “Зээргэнэтийн шил”дуугаар
  3. Оны шилдэг ардын бүжигчин: Улаанбаатар хотын 93-р сургуулийн сурагч Бат-Эрдэнийн Болор МУСТА Ц. Отгонбаатарын дэглэлт “Бүрдийн охин” бүжгээр
  4. Оны шилдэг ардын бүжгийн хамтлаг: МУСТА  Д. Баярбаатарын дэглэлт  “Арвайхээрийн тал” бүжгээр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Болор-2” хамтлаг
  5. Оны шилдэг ардын хөгжимчин: “Ёочингийн аяз ” гоцлолоор Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын сурагч Эрдэнэчулууны Гансүрэн
  6. Оны шилдэг ардын хөгжмийн хамтлаг: “Айсуй хүлгийн төвөргөөн” Улаанбаатар хотын Хөгжим бүжгийн коллежийн “Чилүгэн” хөгжмийн хамтлаг
  7. Оны шилдэг “Уран бүтээлч багш”: Сэлэнгэ аймгийн “Бөртө чоно-Гоо марал” бүжгийн хамтлагийн багш МУСТА Цэдэнгийн Энхтүвшин
  8. Оны шилдэг “Бүтээлч багш”: Нийслэлийн ХУД-ийн “Цэцээ гүн” цогцолбор сургуулийн “Уран хэлхээ” бүжгийн хамтлагийн  багш Мишагийн Эрдэнэ-Очир
  9. Оны шилдэг ”Хүүхдэд ээлтэй-Авъяастныг дэмжигч” багш: МХО-ны дуулаачийн дугуйлангийн багш МУСТА Сандуйжавын Ганчимэг
  10. Оны шилдэг ”Хүүхдэд ээлтэй-Авъяастныг дэмжигч” байгууллага: Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллага тус тус шалгарлаа.

“Мөнгөн хараацай” наадмын үеэр Олон Улсын хүүхдийн “Найрамдал” төвийн ерөнхий захирал, Гавьяат багш Т.Түвшинтэй уулзсан юм.

-Хүүхэд бүрийн хүсэн мөрөөдөж, амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг “Найрамдал” төвийн 35 жилийн ой энэ жил тохиож байгаа. Ойдоо зориулан ямар ажлуудыг төлөвлөөд байгаа вэ?
-2013 он “Найрамдал” төвийн үе үеийн ажилчид, амрагч хүүхдүүдийн сайхан баярын жил болж байна гэж ойлгож байгаа. Энэ ойн арга хэмжээгээ энэ бүх хүмүүсийг хамруулж, тэдэнд урам өгч, хүүхдийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн олон ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа. Шинэчлэлийн Засгийн газар маань өнөөдөр стратеги, бодлого, төлөвлөгөөндөө хүүхдийн хөгжлийн хангахад чиглүүлж, анхаарлаа их хандуулж байгаад бид их таатай байгаа. Энэ утгаараа бидний зохион байгуулах бүхий л арга хэмжээ хүүхдийн хөгжлийг дэмжих, тэднийг үерхэж, нөхөрлүүлэх, заавар, зөвлөгөө өгөх, урам хайрлах гэдэгт анхаарсан олон ажлуудыг төлөвлөсөн.

-Манай төвд нэгдүгээр сарын 2-ны буюу энэ оны эхний ээлжнээс эхлэн амарч байгаа бүх л хүүхэд 35 жилийн ойн арга хэмжээнд оролцож байна гэж хэлж болно. Яагаад гэвэл бид энэ жил бүх ээлжиндээ “Найрамдал” төвийн төрсөн өдөр гэсэн ажлыг төлөвлөж, энэ өдөр хүүхдүүд манай төвийн түүх, хөгжлийн талаар мэдэхээс гадна тэд цаашид “Найрамдал” төвийн хөгжилд оруулах хувь нэмрийг санал асуулгаар нь авч байгаа. Магадгүй энэ бүхнээс бид “Найрамдал” төвийн 30 жилийн ирээдүйг ямар байхыг хамтдаа олж харна гэж найдаж байгаа. Мөн бид сар бүр үндэсний хэмжээнд болох арга хэмжээнүүдийг төлөвлөсөн. “Найрамдал” төв 35 жилийн ойдоо зориулсан нэгдсэн том арга хэмжээг буюу үндэснийхээ арга хэмжээнд долдугаар сарын  10-20-ны ээлжинд, Олон Улсын хэмжээнд наймдугаар сарын 1-10-ны ээлжиндээ тэмдэглэнэ.

-Найрамдал төвийн 35 жилийн түүхэнд нийт хэчнээн хүүхэд амарсан бол?
-Найрамдалд амарч байсан хүүхдүүдийн маань тоо аль хэдийнэ нэг саяд ойртсон байна. Манай төвөөр нийт  800 мянган хүүхэд амарсан гэсэн судалгаа байдаг. Энэ бол бид бүхний бахархал. Манай төвийг зориод ирсэн хүүхэд бүхэн олон сайхан найз нөхөдтэй болж, хүнтэй харилцах ухаанд суралцдаг гэдэгт бид бүхэн бахархдаг. “Найрамдал” төвд яагаад хүүхдүүд дуртай байдаг вэ гэвэл энэ бол хүүхдийн гүрэнт улс, энд ажиллаж байгаа бүх хүн хүүхдийн төлөө ажиллаж, тэдний хайрлаж, хүндэлж, байдаг учраас мөн энд танилцсан найз нөхөд нь тэдний насан туршийн анд нь байж чаддаг учраас хүүхдүүд “Найрамдал” төвд дурладаг гэж би ойлгодог. 35 жилийн ойдоо зориулан хийж байгаа бүхий л арга хэмжээндээ бид 30 гаруй мянган хүүхдийг оролцуулна гэж төлөвлөсөн.

-Ойн хүрээнд хийж буй томоохон ажлуудын нэг бол “Мөнгөн хараацай” хүүхдийн ардын урлагийн наадам?
-Шинэчлэлийн Засгийн газар маань Монгол хүн, Монгол хүүхэд гэдэг асуудлыг хөндөж тавьсан нь бид бүхний өнгөрсөн жилээс зохион байгуулж байгаа энэхүү наадамтай агуулгаараа их сайхан нийцэж байгаад баяртай байгаа. “Мөнгөн хараацай” наадам энэ жил хоёр дахь удаагаа боллоо. Энэ удаагийн наадамд маань оролцогчдын хүрээ нэмэгдсэнд талархаж байна. Үүгээрээ дамжуулан бид авьяаслаг хүүхдүүдийг илрүүлж, тэднийг дэмжиж, урам өгөхөөс гадна энэ хүүхдүүдийг “төрүүлж” байгаа багш нарыг дэмжихэд анхаарч байгаа. Энэ утгаараа хүүхдийн авьяасыг дэмжигч багш, байгууллага хамт олныг шалгаруулан урамшуулдгаараа онцлог наадам юм. Энэ чиглэлээр ажиллаж байгаа мэргэжлийн олон байгууллагуудынм хамтын ажиллагааг өргөжүүлэх гэж байна. Тиймээс бидэнтэй хамтран ажиллаж буй наадмын ивээн тэтгэгчид хүүхдийн асуудлыг сонирхон анхаарлаа хандуулж ажилладагт нь баяртай байгаа.

-Ойдоо зориулан шинэ бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх гэж байгаа гэсэн?
-Тийм ээ, 35 жилийн ойгоор бүтээн байгуулалтын ажил зайлшгүй гол зорилго байх нь ойлгомжтой. Манай төв байгуулагдсан цагаас эхлээд хүүхэд бүрийн дунд явуулсан “Найрамдал төвөөс та нар юу хүсэх вэ” санал асуулгын дүнгийн 80 гаруй хувь нь бассейнтэй болооч ээ гэсэн байсан. Тиймээс энэ онд Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар бассейн, 1000 хүний суудалтай олон улсын стандарт хангасан сагсанбөмбөгийн заал гээд спорт комплекстой болох боломж энэ онд нээгдэж байгаа.

Мөнгөн хараацай наадмын найруулагч, шүүгч, бүжиг дэглээч С.Сүхбаатартай уулзлаа.

-“Мөнгөн хараацай” наадам хоёр дахь жилдээ шилдгүүдээ тодрууллаа. Хүүхэд багачуудыг ардын урлагаараа бахархах, өвлөн үлдэх гээд олон үр өгөөжтэй энэ наадамд жил ирэх тусам оролцогчдын тоо, чанар нь өссөн харагдлаа?
-Наадам жил бүр өөрийн гэсэн онцлогтой болдог. Бид урлахуйн ухааны уран бүтээлийг хийдэг бөгөөд тэр сайхан оюуны уран бүтээлийг хүүхдүүддээ зааж өгдөг. Хүүхдийн төлөө “за” гэж хэлдэггүй ганц байгууллага байдаг нь “Найрамдал” төв. Яагаад гэвэл тэд хүүхдийн төлөө хөдөлмөрлөдөг, тэдний оргил төв нь болсон газар. Энэ төв дэлхийн хүүхдийн оюуны их мэдлэгийг өрнүүлж, эв нэгдлийг ямагт бий болгож чаддаг. Хүүхдийн  ардын урлагийн их наадмын онцлог бол урлахуйн ухааныг бүтээдэг хүмүүсийн үйл хэргийг энд  уламжлуулан, хөгжүүлэн өвлүүлэн үлдээж, түгээж байна. Бид урлахуйн ухааны талаар мартаад байх шиг байгаа юм. Дэлхийн тавцанд аливаа улс орнуудыг уламжлагдан үлдсэн үндэстний уламжлалт урлахуйн ухаан, соёл нь эхэлж гаргаж ирдэг. Зан заншил, оюун ухаан билэгдэл болсон Монгол хувцасны их дэг, жаяг, морин хуур, бие биелгээ, бүжгийн дэг, хөгжмийн эгшигүүдийг төлөөлүүлэн өнөөдөр ардын урлаг гэж хэлдэг. Бид энэхүү сайхан урлахуйн ухаан, монгол уламжлал, зан заншлыг хойч үедээ шингээн үлдээх ёстой учраас энэ наадам маань маш их ач холбогдолтой. Үүний төлөө “Найрамдал” төвийнхөн ардын урлагаа хүүхдүүдэд өвлүүлэхээр саначлага гарган энэ сайхан наадмыг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.

-Аливаа наадам, уралдааныг ололт амжилт, алдаа оноо даган байдаг. Энэ удаагийн наадмын ололттой нь юу байв, за үүнийг л анхаарах хэрэгтэй юм байна даа гэмээр ямар асуудлууд байна?
-Авьяаслаг хүүхдүүд Монгол Улсын нийслэл Улаанбаатараас эхлээд орон нутагт байна. Тэднийг илрүүлэх, биет болон биет бус өвөөр хөгжүүлэхэд эх, эцэг, өв сургалтын багш нар, боловсролын сургуулийн багш нар, сэхээтнүүд өнөөдөр үүнийг дэмжих ёстой. Тийм учраас манай хоёр дахь наадамд орон нутгийн хүүхдүүд өргөнөөр ирж, оролцсон. Хүүхдүүдэд авьяас, хийх эрмэлзэл их байгаа ч үүнийг хөгжүүлэх багш нар дутмаг байна. Багш .нарын сэтгэл бага байна. Аяндаа багш нар нь хүүхдүүдэд ардын урлагийг өв, соёлоо заагаад сургаад эхлэх юм бол цаашаа үүнийг дэмжин, сурталчлах томоохон бизнесменүүд байгаа. Урлахуйн, сэтгэхүйн их уран бүтээлийг оргилуулж байх хэрэгтэй. Манай наадмын үеэр бас  нэг том алдаа харагдсан нь багш нар хүүхдүүдэд монгол ёслогоо, хүндэтгэлээ  зааж сургадаггүй, “Би бол зүгээр ерөнхий эрдмийн багш. Хүүхдүүдтэйгээ дуулж, бүжиглэж чадахгүй тэднийгээ харах гэж ирсэн” гээд зогсч байгаа багш харагдсан. Өнөөдөр  хүүхдэд багшилж байгаа тэр хүн уламжлалт ардынхаа урлагийг мэргэжлийн бус ч гэсэн сэтгэл зүйн хувьд эзэмшсэн байх ёстой. Хүүхдэд би Монгол хүн гэсэн сэтгэхүйг ойлгуулж өгсөн байх шаардлагатай шүү дээ. Найрамдал зуслангийнхан болон бусад мэргэжлийн байгууллагийнхан өөрсдөө тэр өвийг тээж яваа учраас зааж, сурган, хийлгэж хэвшүүлдэг. Үүнийг л Монголын бүх багш нарт ойлгуулах шаардлагатай юм шиг надад санагдсан.

-ЕБС-ийн дуу хөгжмийн хичээл дээр онолын хичээлүүдээс илүүтэй энгийн монгол ёс ёслогоо, ардын урлагийн өв болсон бүжгийн энгийн элементүүдийг заах хичээлийг түлхүү оруулмаар юм байна шүү дээ?
-Тийм шүү, онолын хичээлийн хажуугаар бүжгийн хичээлийг  зааж болно. Бүжгийн хөдөлгөөн, монгол ноёд, хатдын хүндэтгэлийн ёслогоо, мэндчилгээ энэ бүхэн урлахуйн ухаан байдаг. ЕБС-иуд энэ ёслогоог хүүхдүүдэд биечлэн ярьж хэлж үзүүлэн гарцаагүй заах ёстой байгааг ойлгосон. Мөн дуу хөгжмийн багш нар зөвхөн хөгжим заах биш дууны утга агуулга, байгалиа дүрсэлж байгаа хөгжмийн аялгуу, дуун дотор байгаа яруу тансаг үгийн тайлбарыг, бүжгийн хөдөлгөөнийг гээд бүгдийг л хослуулан заах хэрэгтэй. Сая гарсан Засгийн газрын бодлогыг ч хэрэгжүүлэх ёстой. Тийм учраас би шинэ яамтайгаа нэлээд ойртож ажиллаж байна. Хэдийгээр би уран бүтээлч хүн ч бас сурган хүмүүжүүлэгч. Заавал хүүхдэд зааснаараа сурган хүмүүжүүлэгч болохгүй шүү дээ. Би 20-н жил хүүхэд, залуучуудын тухай  том уран бүтээлийг хийлээ.

Г.ДАША
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж