Хилийн бүсийг хаахыг Засгийн газарт санал болгоно

Хуучирсан мэдээ: 2013.02.08-нд нийтлэгдсэн

Хилийн бүсийг хаахыг Засгийн газарт санал болгоно

Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт очин “Оюутолгой”, “Энержи ресурс” компанийн үйл ажиллагаатай танилцаад иржээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулга, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Т.Эрдэнэчимэг, Хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Базар нар орсон байна. Ажлын хэсгийнхний анхаарлыг хамгийн ихээр татаж, ямар нэг байдлаар цэгцлэхээс аргагүй гэсэн дүгнэлтэд хүргэсэн асуудал нь тоосжилт байжээ. Тус аймагт хүнд даацын машины нүүрс тээвэрлэлтээс үүдсэн замын эвдрэл гэмтэл “аюултай” төвшинд хүрсэн байна. Хоногт дунджаар 4500 машин, оргил үедээ 6000 машин нүүрс тээвэрлэдэг гэсэн судалгаа гарчээ. Энэ нь байгаль орчныг асар ихээр бохирдуулж буй бөгөөд замын дагуу нөхөн сэргээлт хийхэд 3799.8 сая төгрөг, биологийн нөхөн сэргээлтэд 1681.6 сая төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Том гэгдэх 4-5 зам байгаа бол төв замын хажуугаар жолооч нарын гаргасан 10 гаруй зам байдаг ажээ. Эдгээрийн олонх нь говийн дархан цаазат газрыг талхлах болсныг Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга  Т.Эрдэнэчимэг онцлон хэллээ. “Энержи ресурс” компанийн концессийн гэрээгээр барьсан автозамаар жижиг компаниуд зорчихгүй байгаагаас осол олноор гарч иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирох болжээ. Ажлын хэсгийнхнийг шалгалт хийж явах замд хоёр согтуу жолоочийн балгаар хоёр ч иргэн хүнд гэмтсэн байхтай тааралдаж тусламж үзүүлжээ. Иймд цаашид жижиг уурхайн тээвэрлэлтийг засмал зам руу шилжүүлэх, эс бөгөөс “Энержи ресурс”-ийн замын статусыг шинэчлэх асуудлыг нэн даруй шийдэх хэрэгтэй гэдгийг Зам тээврийн яаманд албан ёсоор мэдэгдсэн байна.

 Тус аймгийн нутгаас хамгийн их тоосжилттой газар нь Цагаан хадны хилийн бүс нутаг ажээ. Цагаан хадны боомтод  байрлах гаалийн хяналтын бүсээр Тавантолгой, Ухаахудагийн нүүрсний уурхайгаас тээвэрлэсэн нүүрсийг гаргадаг. Хэдийгээр тус газарт 2010 оноос эхлэн 10 метрийн өндөртэй хашаа, хашлага хийж байгаа ч газрын хөрс нь сарны гадарга шиг болтлоо тоосонд дарагдсаныг ажлын хэсгийнхэн харуусан өгүүлж байна. Түүнчлэн тус бүсэд Монгол Улсын засаг захиргаа, төр байхгүй мэт болсныг мөн үеэр тодотгосон. Тиймээс Цагаан хадны хилийн хяналтын бүсийг хааж, уурхай бүрт гүний хяналт байгуулах саналыг Засгийн газар болон Сангийн яам, Гаалийн ерөнхий газарт хүргүүлэх ажээ.

Оюутолгойн гэрээ тойрсон сөрөг мэдээлэл олны анхаарлыг ихээр татаж байгаа. Тиймээс сэтгүүлчид Оюутолгойн ашиглалтын өнөөгийн байдлыг сонирхож лавласан. Байгаль орчин ногоон хөгжлийн яамны зүгээс Оюутолгой, Ухаахудагийн уурхайн ус ашиглалт, орчны бохирдолд илүүтэй анхаарсан гэнэ. Оюутолгойн гэрээнд тус уурхай нь секундэд 870 литр ус ашиглахаар тусгасан боловч одоогоор уурхай бүрэн хэмжээгээр ажиллаж эхлээгүй болохоор ашиглалт хэвийн төвшинд байна гэж ажлын хэсгийнхэн дүгнэв. 2012 онд Оюутолгойн уурхай нэг сая 720 мянган шоо метр ус хэрэглэжээ. Энэ нь өмнөх жилийн хэрэглээнээс дөрөв дахин өссөн үзүүлэлт юм байна. Одоогоор тус уурхайн ашиглалтын талбайд 131 гүний цооног, 66 гар худаг, гурван булаг байгаа юм. Газрын гүний усны нөөцийн 20 хүртэлх хувийг ашиглах боломжтой гэж үздэг бөгөөд одоогоор боломжит төвшнөөс хэтрээгүй гэж хэлж байлаа. Ухаахудагийн хувьд шинэ технологи нэвтрүүлснээр ус ашиглалтаа 50 хувиар бууруулсан гэнэ.  Хойшид усны үнэлгээг өсгөж, ус ашиглалтыг эдийн засгийн аргаар хязгаарлахаар болсон байна.

Д.ЦЭЭПИЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж