Авлигатай тэмцэх газрынхан ажлаа хийж эхэллээ. Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн 109 лицензийг хууль зөрчиж бусдад олгосон хэргийг тус газраас шалган шүүхээр шийдүүлж, ял оноов. Араас нь аймгуудын Засаг дарга нарын хэрэг, МИАТ-аас мөнгө угаасан, хулгайлсан асуудал, Үндэсний татварын ерөнхий газрын дөрвөн ч даргын хэрэг гээд төрийн албан тушаалтнуудтай холбоотой нэлээд хэргүүдийг АТГ өөр дээрээ татаж аван хавтаст хэрэг нээгээд байгаа. Гэвч гэмт хэрэг нь илрээд шалгагдаж байгаа хэргүүд ч яах вэ, явдаг жамаараа явах биз. Харин тэднийг түлхчихээд ард нь сууж, хүүхэлдэйний утсыг хөдөлгөж байсан төрийн томчууд яагаад сугарч үлдээд байна вэ гэдэг асуулт олны анхаарлыг татаж байна.
МИАТ-ын хэргээр тус компанийн захирал асан Ц.Орхон, түүний эхнэр Ү.Цэцэгмаа нарын есөн хүнийг баривчлан саатуулаад байгаа тухай Хууль зүйн сайд мэдээлсэн. Үүний цаана төрийн өмчийн компаниудыг үнэгүйдүүлж, өөрсдөө нь хулгайлсан мөнгөөр эргүүлэн худалдаж авдаг жишиг бий болж магадгүй болоод байгаа тухай ч хардлагаа нуугаагүй. Хэрэв тэр үнэн бол үүний араас “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой”, цаашлаад хөрөнгө оруулалтын асуудал дээр маргаан үүсгээд байгаа “Оюутолгой” компанид төрийн томчуудын гар хол оролцсон байж магадгүй.
“Эрдэнэт” үйлдвэрийн хувьд үе, үеийн Засгийн газруудын “саалийн үнээ”, ганц мөнгөний машин хэмээн хэлэгдсээр лав арван хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа. Энэ үйлдвэртэй холбоотой шалгагдаж байгаа ганц хэрэг нь Н.Энхбаяртай холбоотой ган бөмбөлгийн хэрэг лав биш байх. Энэ утгаараа саяхан “өөрийн хүсэлтээр” ажлаа хүлээлгэн өгсөн Ч.Ганзориг захирлыг ч гэсэн “сайн дураараа суудлаа өгсөн” хэмээн толгойг нь илээд өнгөрүүлдэг юу л бол. Хэрвээ ган бөмбөлгийн хувьд зөвхөн тухайн үед үйлдвэрийг удирдаж байсан Х.Наранхүүд хамаарах хэрэг хэмээгээд орхиж байгаа бол түүний араас ажлыг нь авсан Ч.Ганзориг яагаад энэ хэрэгт тийм хүниймсэг хүйтэн хандсан бэ гэдэг асуулт гарна.
“Эрдэнэс Тавантолгой” ч ялгаагүй, ачаа тээвэрлэлтээ ч хийж чадахгүй дампуурал зарлахаа тулаад байгаа энэ компанид зургаан тэрбум төгрөгөөр ашиглагдахгүй дугуй шахаж чадсан овсгоотон хэн байсан бэ, одоо бондын орлогоор санхүүжүүлэх гэж байгаа үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтаас дахиад хэн нь хэдийг нь хулгайлах гэж байгаа юм. “Оюутолгой”-н гэрээний ТЭЗҮ-д заасан хөрөнгө оруулалтын анхны зардлыг 47 хувиар өсгөхөд манай талаас оролцсон буруутай этгээд нь хэн юм гэхчлэнгээр асуудал ундарч байна. Сураг сонсохнээ тухайн үед гэрээг байгуулахад оролцсон Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Даш.Зоригтын оролцоо ч байж магадгүй талаар эх сурвалжууд ам алдах юм билээ. Эрх биш тэнд нь Монголын талаас төлөөлсөн эрх ашиг гэдэг зүйл байсан юм байгаа биз дээ.
Одоо энэ “Орон энэ сууцны дэмжлэг” нэрээр хөрөнгө зувчуулж төрийн албан тушаалтнуудын халаасанд хийсэн 100 гаруй тэрбумын хэргээр АТГ-т шалгагдаж байгаа Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсаан С.Батмөнхийн ард ч гэсэн хэн байна вэ?
Ажаад байхнээ сүүлийн хэдхэн жилд улс төр, эрх мэдлээс зай барьж гарсан олон хүн ямар нэг хэмжээгээр эдийн засгийн сонирхол, эрх ашиг, гэмт хэргийн сэжүүртэй нэр холбогдсон байдаг. Шалгагдаж нотлогдсон нь л Н.Энхбаяр болохоос биш.
Албан тушаал болон алдар хүндийн эрэмбээр хамгийн түрүүнд Ерөнхий сайд асан С.Баяр нэрлэгдэх болов уу. Түүнийг АМГ-ын дарга асан Д.Батхуягийн ял шийтгүүлээд байгаа лицензийн хэрэгт холбоотой, ялангуяа өнгөрсөн онд Хятадын төрийн өмчийн компанид хувьцаагаа шилжүүлж дуулиан дэгдээгээд амжсан “Саусгоби сэндс”-ийн лицензийг сэргээхэд хувь нэмрээ оруулсан тухай ам дамжин яригддаг ч одоогоор шалгагдаж нотлогдсон зүйл алга. Дээр нь энэ МИАТ болон ИНЕГ-ын хэрэг байна. Улсын үйлдвэрийн газраас тэрбумаар нь мөнгө угаасан хэрэгт улс төр дэх Хөвсгөл, Өвөрхангайн фракци оролцсон тухай эх сурвалжууд ярьж байгаа. С.Батмөнх гэдэг хүний хувьд өмнөх 10 жилийн турш л ИНЕГ-ыг хувийн болгосон, МИАТ болон ИНЕГ-ын хооронд мөнгө эргүүлж амташсан тухай ярьж байгаа. Олон ч удаа хуулийн өмнө гарч ирж байсан ч түүнийг барж гарсан төрийн цагдаа байтугай сайд, Ерөнхий сайд гараагүй шийртэй нэгэн. Сураг сонсохнээ Шадар сайд асан М.Энхболдын чандлан хамгаалалт дор байдаг юм гэсэн. Өвөрхангайн фракцийнх нь тэргүүн ТӨХ-ны дарга асан Д.Сугар гэж байгаа, бас л “ялтай” ажлаа өгөөд Үндсэн хуулийн Цэцийн гишүүний хамгаалалт дор орсон гэж байгаа. Фракци энэ тэрээ ч хат даа, төрд шургалсан гэмт хэргийн бүлэглэл юм уу, хаашаа юм.
Өнгөрөгч сонгуулиас хойш АНУ-д амьдарч байгаа С.Баяраас гадна НИТХ-ын дарга асан Т.Билэгт гэж бас нэг “ороо” нөхөр байна. Өнгөрөгч хавар Н.Энхбаярын хэрэгт шалгагдаж эхэлмэгцээ “албан томилолтоор” АНУ яваад, эмчилгээ хийлгэж байна гэж хугацаагаа сунгаад эргэж ирээгүй. Манай цагдаагийнхан Интерполоор эрэн сурвалжлуулаад олоогүй гэдэг ч цаадах нь бол намынхан руугаа мессеж энэ тэр байнга бичээд л хэргийн явцыг тандаж байдаг юм гэнэ билээ. Н.Энхбаяртангууд төрд эргэж гарсан хойно буцаж ирэх юм байгаа биз. Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил бас л долдугаар сарын 1-ний хэргээр ял сонсвол ч сонсох л ёстой хүмүүсийн нэг байлтай. Гэтэл түүнээс бүтэн дөрвөн жил нэхсэн таван хүний амь түүний хувьд нэг удаагийн сонгуулийн ялагдлаар л төлөгдөх шив дээ.
Энэ мэтчилэн харахаар төр эргэж, цаг өөрчлөгдсөний дараа дээлээ нөмөрч магадгүй болсон олон хүн улс төрийг сайн дураараа орхисон байна. Тэглээ гээд баясч баярлах нь юув. Монголын төр гэдэг азтай, дуртай нь ирж суугаад, тонож дээрэмдэж, бэлжиж хөлжиж аваад, азгүй, дургүйгээ ирэхээр хаяад гараад явдаг онгорхой авдар, эзэнгүй айл юм уу хаашаа юм.