-Танд айлчлан ирж буй сар шинийн мэнд хүргэе. Таны 12 романы нээлт болох гэж байна. Ботийнхоо талаар яриагаа эхлэх үү?
-За баярлалаа. Энэ бол миний баяр төдийгүй уншигч олны маань баяр юм. Анх 1986 онд Унгар улсын нийслэл Будапешт хотод Дунай мөрний эрэг дээр “Могойн чуулган” романыхаа анхны мөрүүдийг бичиж байлаа. Намайг явахаас өмнөхөн сэтгүүлчдийн их хурал болоод Л.Түдэв дарга надад нэг том улаан дэвтэр бэлэглэсэн. Тэгээд тэр дэвтэр дээрээ:
“Буурал Ренчинг доктор болгосон
Будапештийн тэнгэр доор
Эрдэмтэн зохиолч Түдэвийн өгсөн дэвтэр дээр
Энэ романыг бичиж эхлэв” гэж бичиж байсан минь “Могойн чуулган”-ы гар бичмэлийн өмнө байдаг юм. Харин тэр улаан дэвтэр минь Дундговь аймгийн орон нутаг судлах музейд байгаа. Ингэж л анх энэ 12 романы эх тавигдсан. Түүнээс хойш бичихгүй өдөр байснаас бодохгүй өдөр байхгүйгээр 26 жил энэ 12 романаа бичсэн байна даа. Гол нь Монголын түүхийг хамгийн эгзэгтэй үеүдийг энэ романууддаа тусгах гэсэн юм. Ухаандаа “Хулганы зиндаа” бол яг энэ монгол газар шорооноос Монголчуудыг Түрэгүүд хөөгөөд Эргүнэ хун руу шахаад монгол овог, удам сөнөхөд хүрсэн домгоос эхлэлтэй. Энэ домогт далан бухын арьсаар хөөрөг хийж, төмөр уул сэтлээд уугуул нутагтаа ирсэн гэж гардаг юм. Нууц товчоо “Бөртэ чоно, Гоо марал тэнгис далайг гатлан ирж” гэж эхэлдэг нь магадгүй төмөр уул сэтлэн ирсэн хүмүүсээ хэлсэн байж болох л талтай. Ийм маягаар түүхийн сонин үеийг холбож бичсэн л зохиолууд байгаа юм.
-Анх Будапештэд “Могойн чуулган”-аа биччихээд л 12 жилээр нэрлэж цуврал болгоё гэж бодсон уу?
-“Могойн чуулган” маань гайгүй амжилттай болсон л доо. Надад урам зориг өгч анхны романы минь шүүмжийг “Монголоо егүүтгэх Монгол секс буюу гунигт тавилан” гэсэн нэртэйгээр “Утга зохиол, урлаг” сонин дээр Д.Галбаатар нийтлүүлсэн юм. Тэр жилээ МЗЭ надад нэрэмжит шагналаа өгч, дараа жил нь Д.Нацагдоржийн шагналыг “Могойн чуулган” роман бичсэний төлөө гэж өгсөн юм. Үүнээс л урам зориг орж дараачийнхаа романыг бичсэн дээ. Дараа нь “Хулганы зиндаа”, “Үхэр унасан бурхад” гэсэн хоёр романаа 1-р эмнэлэгт бие муудаад ойр, ойрхон олон хоногоор хэвтэхдээ бичсэн. Тэгээд ер нь Шарга морьтын зуслан, 11-р хороолол, эмнэлэг гээд хаа байсан газар бүртээ л энэ хэдийгээ “нухсаар” яваад энэ жил бүгд жигдэрч уншигчдын гарт очиж байгаа нь энэ. Олон хүн надад баяр хүргэж байна. Тэр бүү хэл гадаад суугаа монголчууд маань утасдаж, номыг маань захиалан уншиж байгаад ах нь баяртай байна даа.
-“Могойн чуулган”, “Морин зэрэглээ”, “Хонин холбоо” гээд зарим нь нилээд эрт хэвлэгдэж байсан. Яг шинээр уншигчдад хүрч байгаа роман байна уу?
-“Могойн чуулган” бол тавь дахь удаагаа хэвлэгдэж байгаа. Хамгийн анх “Монгол роман” сэтгүүлд гарч байсан юм. “Морин зэрэглээ”, “Хонин холбоо” хоёр бол гурав дахь удаагаа хэвлэгдэж байгаа. Харин яг шинээр гэвэл “Тахиа тамга”, “Луу данс” гээд романууд хэвлэгдсэн.
-“Хулганы зиндаа” “Нууц товчоо”-оос өмнөх үеийн түүх, домогтой холбож бичсэн гэсэн. Тэгэхээр энэ 12 романд түүхийн үе, дараалал бий юу?
-Үндсэндээ бол дараалалтай. Үхэр жилд гэхэд Хабул хааны, “Туулай туульс”-д Гүег хааны, “Луу данс” гэхэд Чингис хаан гэхээсээ илүүтэй Хавт Хасарын тухай гээд дараалалтай бичигдсэн. Ер нь Монголын түүхийн хамгийн ээдрээтэй, оршихуй, эс оршихуй гэсэн хүнд үеийг авч бичсэн. Хамгийн сүүлийн “Гахайн мөсөн хуяг” гэхэд л 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний талаар байх жишээтэй. Энэ үед Монгол улс байх уу, үгүй юу гэдгийг ярьж, Хиагтад Орос, Хятад хоёр Монголын хувь заяаны талаар хуралдаж байхад Манлай баатар Дамдинсүрэн илд агсаж очиж, “Энэ хүн бол олон улсын хуралд тэнцэхгүй нөхөр” хэмээн хөөгдөж байлаа шүү дээ. Ер би юу хэлэх гээд байна гэхээр энэ 12 роман монголчуудын байх, үгүй талаар яригдаж байсан эгзэгтэй үеийг түүж бичсэн түүхэн роман гэж ойлгоход болно.
-Таны эдгээр романуудыг уншиж байхад нэр сонголт их сонин санагдсан л даа. Түүхэн хүмүүсийн нэр тийм байлаа гэхэд зохиомол дүрүүдийнхээ нэрийг яаж сонгодог вэ?
-“Хулганы зиндаа” бол манай түүхэнд ороогүй үеийг бичсэн гэж бодвол энэ роман бол тэр чигээрээ уран зохиол. Харин түүнээс хойш Хабул хаан, Тэмүүжин, Хасар гээд түүхэн хүмүүсийн нэр гардаг. Тусачу гэж залуу байсан уу гэвэл байсан. Энэ залуу 32 настайдаа Хубилай хааны эхний флот сүйрсний дараа Японд хоёр солонгос, хоёр хятадыг дагуулж очоод цаазлуулсан түүхэн хүн. Энэ дундаа Чимур хорч, Аминнавч, Нарантэнгис гээд ирэхээр зохиомол дүрүүд болоод явчихна л даа. Нэрийг бол бичээд явж байтал нэг л мэдэхэд ороод ирдэг юм. Гэхдээ тухайн үедээ тохирсон нэр байх ёстой л доо.
-Таныг энэ 12 романыхаа эрхийг “Мөнхийн үсэг”-т зарсан гэж сонссон. Энэ олон жил тархи, оюунаа бясалгаж бичсэн зохиолоо өөрөө хэвлэх боломж олдоогүй юм уу?
-Тийм. Гурван жилийн хугацаатай зарчихсан. Мөнгө гэж нэг аюултай зүйл байна шүү дээ, дүү минь. Хоёрдугаарт би чинь “Монголын уран зохиолын дээжис 108 боть” гаргах гэж баахан мөнгө гуйж явсан боловсон гуйлгачин хүн л дээ. Саяхан биднийг Ерөнхийлөгч хүлээж авч уулзахад нь 108 ботийг ивээн тэтгээд дунд сургуулийн номын санд үнэгүй тараагаач гэсэн хүсэлт тавьсан. Манай ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чинь залуудаа шүлэг бичдэг байсан юм. 1989 оны гуравдугаар сарын 18-нд “Цэргийн цом” гэж анх болоход би “Жанжин Дэмидийн тарьсан мод” шүлгээрээ түрүүлж, Ерөнхийлөгч маань “Цустай цагаан цамц” шүлгээрээ удаалж байлаа. Тэгэхэд “Улаан од” сонины сурвалжлагч, дэслэгч цолтой байсан юм ш дээ. Энэ мэтчилэн хүнээс мөнгө гуйхаад байхаар халширдаг болдог юм байна. Тийм учраас л “Мөнхийн үсэг”-т зарсан хэрэг.
-Бар, туулай жилийг нь салгаж хэвлээд, номын худалдааг тэргүүлээд байгаа юм биш үү?
-Харин тийм ээ. Би чинь 12 романаа ботилж хэвлээд болох юм гэж бодсон чинь надаас асуулгүй салгаад “Хаан төрийн нууц”, “Хатан төрийн нууц”-ыг маань хэвлэчихсэн байна лээ. Тэгээд ямар юу юуны туханд хүрэлгүй хүнтэй хэрэлдээд явалтай биш. Хэвлэхээ өөрсдөө мэдсэн юм чинь дараа нь надад хэд гурван юм хялайлгах байлгүй дээ /инээв/.
-Олон жил бичсэн бүтээлийн ард гарчихаар “хоосорчихдог” гэж хүмүүс ярьдаг юм билээ. Таны тэр үеийн сэтгэгдлийг сонсмоор байна.
-Үнэхээр тэгдэг. Хоосорчихдог юм. Хамгийн сүүлд “Тахиа тамга” гэдэг романаа 2012 оны аравдугаар сарын 2-нд дуусгасан байна лээ. Тэгээд л сэтгэл хоосроод, тархинд юу ч бодогдохоо болиод л үлддэг юм даа. Тэгээд хийх юм байхгүй болохоор гурван өдөр сайхан ууна даа. Түүнээс олон хоног явж ч чадахгүй, бие даахаа болино. Тэгээд л буцаад бичихээс өөр аргагүй болно доо.
-Та одоо ямар бүтээл дээр сууж байна вэ?
-Түмэн Шаньюугаас эхлээд Ю.Цэдэнбал дарга хүртэл Монгол төрийг жолоодож явсан хүмүүсээр 108 туурь бичиж байна. Би өгүүллэг, туужийн ном их цөөхөн гаргасан байдаг. Тиймээс бүгдийг нь эмхэтгээд хоёр дэвтэр “Миний биеийн зүрхний чимэг” гээд ном гаргана. Энэ номоо дагуулаад “Хийморийн чуулган” гэж дурсамжийн номоо гаргана. Яг л дэргэд явсан найзууд гэнэтхэн яваад өгөх юм. Саяхан л гэхэд Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж, нэг нугийн, нэг жилийн унага Ц.Чимэддорж маань бурханы оронг зорьчихлоо. Ингээд эзгүйрээд байхаар тэднийхээ тухай дурсамж их бичих юм. Дээр нь жүжиг, киногоо нэмээд найман боть гаргах санатай “Мөнхийн үсэг”-тэй яриад л байгаа. Ингэж юмаа цэгцлэж байхгүй бол хэзээ ч “анд найз” маань ирээд намайг аваад явчих юм билээ, би мэдэхгүй шүү дээ.
-Сайхан ярилцсанд баярлалаа.
-За баярлалаа. Танай уншигчдад болон хамт олонд чинь ирж буй усан могой жилдээ сайхан шинэлж, элгээрээр энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байгаагаараа гэж ерөөе.