Фото: каталог Christie"s
Амедео Модильянийн 1919 онд зурсан «Жанна Эбютерний хөрөг» Лондонгийн “Christie"s”-ийн пүрэв гаригийн арилжаагаар 42,3 сая ам.доллараар (26,9 сая евро) зарагджээ. Зураачийн онгодын тэнгэр нь болсон хайртай эмэгтэйн хөрөг ийм өндөр үнэ хүрснийг Agence France-Presse мэдээлэв. Анхны дуудлагын үнэ 25,6-35,2 саяас эхэлжээ.
Дуудлага худалдааны бусад топ-лотуудад 10,6 сая ам.доллараар зарагдсан «Сүм, шилтгээнтэйгээр төмөр замаас харсан Мурнау хотын зураг» (1909 он) гэх Василий Кандийнскийн зураг багтав. Анхны үнэ нь 7,8-12,5 сая байсан «Дэнжигнэлт» (1942 он) гэх зураачийн бас нэг зураг худалдан авагчдыг татаагүй учир арилжаанаас хасагджээ.
«Импрессионизм, модернизмын урлаг» нэртэй энэ удаагийн дуудлага худалдаанд 78 лот тавигдаж, Christie"s 153,8 сая ам.доллар (98,3 сая фунт стерлинг) цуглуулж чаджээ.
Үүнээс нэг хоногийн өмнө, импрессионистууд, модернистуудын бүтээлийн арилжааг “Christie"s”-ийн өрсөлдөгч “Sotheby"s” явуулсан юм. “Sotheby"s”-ийн арилжааны хамгийн үнэтэй лот нь Пабло Пикассогийн «Цонхны дэргэд суугаа эмэгтэй» гэсэн 1932 оны зураг 8,6 сая фунт стерлингээр зарагджээ. “Sotheby"s” арилжаанд 61 лот тавигдсанаас 121 сая фунт стерлингийн орлого олжээ.