Уулын дугуйн олон улсын уралдаан Монголд болно | News.MN

Уулын дугуйн олон улсын уралдаан Монголд болно

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Уулын дугуйн олон улсын уралдаан Монголд болно

Эх орондоо уулын дугуйн олон улсын уралдаан зохион байгуулах сэтгэл өвөрлөсөн залуус Монгол нутгаараа дугуйгуйгаар 8000 км зам туулан, дугуйн уралдааныхаа зам маршрут гаргажээ. Сонгосон маршрутаараа гурван удаагийн аялал хийж, гадаад дотоодын дугуйчдын чансааг шалгахын зэрэгцээ санал бодлоо хуваалцжээ. Энэхүү туршлагадаа үндэслэн “Mongolia bike challenge”нэртэй олон улсын дугуйн уралдааныг ирэх наймдугаар сарын 7-22-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Уг уралдаан нь Ази тив, тэр дундаа Монголд анх удаа зохион байгуулж буйгаараа онцлогтой бөгөөд энэ төрлийн 18 уралдаан Австрали, Африк, Өмнөд Америкт явагддаг аж. Уралдаан Дундговь аймгийн Бага газрын чулууны уулаас эхэлж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэзуугийн хийдийн өмнөх талбайд шийдвэрлэх бариа хийж, аваргуудаа тодруулах гэнэ. Томоохон төв суурин, говь хангай хосолсон 1400 км замыг Итали, Испани, АНУ, Герман, Польш, Швейцарь, Австри, Австрали, Чех, Монгол гэсэн 15 улсын 108 мэргэжлийн дугуйн клубын тамирчид туулах юм. Энэ жил манай талаас 10 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцоно. Тэд Монголын дугуйн холбоо, Монголын уулын дугуйн Цагаан барс клубын тамирчид юм. “Mongolia bike challenge” олон улсын уулын дугуйн уралдаан дэлхийн цаг уурын өөрчлөлт, дулаарлын эсрэг хүн төрөлхтөн нэгдэхийг уриалж буй юм.
Уралдааныг сурвалжлахаар Италиас RAI, SKAI, Media Set сувгууд, АНУ, Герман, Испани, Белги, Чехийн телевизүүд болон NATIONAL GEOGRAPHIC CHANNEL-ын зураглаачид ирэх гэнэ. Түүнчлэн, http://www.mongoliabikechallenge.com сайтаар уралдааны үйл явцыг онлайнаар дэлхий дахинд шууд цацахаар төлөвлөөд байгаа талаар зохион байгуулагчид онцолж байна.

Д.Долгор

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж