Д.Тэрбишдагва ус цацсаныг үгүйсгэв

Хуучирсан мэдээ: 2013.02.07-нд нийтлэгдсэн

Д.Тэрбишдагва ус цацсаныг үгүйсгэв

“Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга асан Г.Баярсайхан Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын өрөөнд 17 цагийн үед  дайрч оржээ. Тэрээр  "Тэрбишдагва хаана байна" хэмээн  хашгичин,  туслахыг нь цааш түлхэж, хүч түрэмгийлэн оронгуутаа  мэндийн зөрүүгүй, гартаа барьж орсон савтай усаа  өрөөнд цацсан гэнэ. Уулзахаар үүдэнд нь хүлээж байсан хүмүүс Төрийн хамгаалалтын албанд энэ тухай мэдэгдсэн байна” гэсэн мэдээлэл www.times.mn сайтад гарчээ.

Энэхүү мэдээллийн дагуу бид чухам юуны учраас Шадар сайдад халдахыг завдсаныг тодруулахаар хэд хэдэн хүнтэй холбогдлоо. Төрийн ордны хамгаалалтын албаны дарга, хурандаа Г.Лхагвасүрэн  “Бид энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгөхгүй” гэсэн бол Шадар сайд өөрөө “Болсон явдлыг би мэдээгүй. Эзгүй байсан болохоор ямар ч мэдээлэл алга” хэмээн тас мэлзлээ.

Харин баттай эх сурвалжийн хэлснээр энэ хэрэг Шадар сайдын эзгүйд болсон бөгөөд ус барьж ороод өрөөн дотор цацсан нь үнэн ажээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын албаны даргаар сар гаруйн хугацаанд ажиллаад халагдсан Г.Баярсайхан чухам юуны учир төрийн ордонд ийн авирласан нь одоогоор тодорхойгүй байна. Хэрвээ түүнийг дайрч орох үед Шадар сайд өрөөндөө байсан бол хэрэг явдал үүнээс ч хүндрэх магадлалтай байсан биз ээ.

Д.СУРА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж