-Таныг УИХ-ын гишүүний тангараг өргөнө гэсэн хүлээлт байсаар байна. Тангараг өргөх асуудал юу болж байгаа вэ?
-Би одоогоор энэ талаар мэдэх зүйл үнэхээр алга. Миний мэдэж байгаагаар шүүхийн процесс дуусаагүй байна. Сонгуулийн сурталчилгаанд насанд хүрээгүй хүүхэд ажиллуулсан гэдэг үндэслэлээр намайг буруутгаад байгаа. Харин өнөөх хоёр хүүхэд нь сонгуулийн сурталчилгаанд ажиллаагүй гэдгээ тогтоолгохоор Сүхбаатар дүүргийн шүүхэд гомдол гаргасан. Сүхбаатар дүүргийн шүүх асуудлыг судалж шийдвэрлэх шаардлагатай байна гэж үзээд иргэний хэрэг үүсгэсэн захирамж гаргасан байна билээ. Тиймээс шүүхийн процесс хараахан дуусаагүй гэж ойлгож болно. Өнгөрсөн 4-нд Сүхбаатар дүүргийн шүүх хуралдаж асуудлыг шийдэх байсан ч нэхэмжлэгч хоёр хүүхэд нь “өмгөөлөгч авч ажиллуулах шаардлагатай байна” гэсэн хүсэлт гаргасан болохоор хойшилсон. Цагаан сарын дараа шүүх хурал болж, ямар нэгэн шийдвэр гаргах байх. Түүний дараа л энэ асуудал яригдах юм уу гэсэн бодолтой байгаа.
-АН-аас нэр дэвшиж танаас 6700 хүний саналаар доогуур санал авсан Д.Зоригтыг тангараг өргөх юм гэнэ гэсэн яриа байна. Энэ талаар танд мэдэж байгаа зүйл байгаа юу?
-Би энэ талаар юу ярих вэ дээ. Д.Зоригттой холбоотой асуудлыг би мэдэхгүй. Хүнийг бүү хэл өөрийнхөө асуудлыг мэдэхгүй явж байна.
-МАН сайн ажиллахгүй байгаа юм биш үү. Т.Батхүүг тангараг өргөхөд араас нь таныг орж ирнэ гэсэн тохироо байсан гэсэн мэдээлэл бий?
-Хүмүүс өөрсдийнхөөрөө харж байгаа байх. Намын зүгээс анхаарлаа хандуулалгүй яах вэ. Энэ бол зөвхөн С.Чинзоригийн ч асуудал биш. Ард түмний сонгох, сонгогдох эрхээ эдэлж чадаж байгаа эсэх асуудал. Нам буйдантай суулт хүртэл хийсэн. Нам хийх ёстой юмаа хийж л байгаа гэж хэлнэ.
-Тэгэхээр тангараг өргөх асуудал нэг мөр шийдэгдээгүй, шүүхийн шатанд явж байгаа гэж ойлгож болох нь ээ?
-Ер нь бол шүүхийн процесс үргэлжилж байна. Насанд хүрээгүй хүүхдүүд сонгуулийн сурталчилгаанд ажиллаагүй гэдгээ тогтоож өгөөч гэсэн хүсэлтээ гаргаад явж байгаа.
-Танай нам сүүдрийн Засгийн газар буюу хяналтын танхим байгуулж байгаагаа зарлалаа. Зорилго нь юу юм бэ?
-Хяналтын танхим байгуулж байгааг зүйтэй ажил хийлээ гэж харж байна. Миний бие Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллахаар болж байна. Өмнө нь ч гэсэн ийм сонгуульт ажил хийж байсан. Энэ бол шинэчлэлийн Засгийн газрын явуулж байгаа үйл ажиллагааны зөвийг дэмжих, бурууг нь хязгаарлахад хэрэгтэй алхам. Нөгөө талаар МАН бодлогоо хэрэгжүүлэх, байр сууриа илэрхийлэхэд дөхөм болох юм. Үүгээрээ дамжуулан ард түмний саналыг төрийн бодлогод тусгахад ч хэрэгтэй гэж харж байна. Мөн УИХ-д байгаа бүлгээ дэмжих, бодлогоо тодорхойлох, сөрөг хүчний үүргээ хүчтэй гүйцэтгэхэд хэрэгтэй.
МАН-ыг шинэчлэгдэж, өөрчлөгдөх, ард түмэндээ ойрхон байх талаар их л ярьж байна. Гэвч дорвитой өөрчлөлт хийж, тодорхой үр дүнд хүрч байгаа зүйл харагдахгүй байгаа юм уу гэж санадаад байх шиг. Танай нам цөөнх болсон учраас хүчгүйдээд байгаа юм болов уу?
-Нам шинэчлэлийн уур амьсгал оруулахаар ажиллаж байгаа ч илүү эрч, хүчтэй ажиллах шаардлага байна. Нөгөө талаас нэгэнт сөрөг хүчин болсон болохоор олонхийн зүгээс аливаад хүч түрсэн, хууль зөрчсөн, цөөнхийг сонсохгүй байгаа байдал нь намын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгаа тал бий. Тиймээс цаашид илүү эрч хүчтэй, шуурхай ажиллах шаардлага байна гэж харж байгаа.
-Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. МАН-ын зүгээс хэнийг нэр дэвшүүлэх талаараа ард түмнээсээ асуухаар боллоо. Таны хувьд МАН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцвол амжилт гаргах боломжтой гэж харж байгаа вэ?
-Нам нь хэнийг дэвшүүлэх вэ гэдгийг тодруулдаг субъект би биш ч нэр дэвшигчийг олон түмэн, гишүүд дэмжигчдийн санал дээр тулгуурлаж гаргаж ирэх нь зөв гэж бодож байгаа.
-МАН-ын залуу гишүүдийн зүгээс намаа яаралтай шинэчлэх хэрэгтэй гэсэн шаардлагыг тавьж буй. Ингэхийн тулд намын даргаа огцруулах хэрэгтэй гэсэн шаардлага тавиад байсан. Гэтэл өнөөдөр болсон өргөтгөсөн хурал дээр энэ талаар хэн ч юу ч дуугарсангүй. Хурал нь ч хаалттай боллоо?
-Намд шинэчлэгдэх шаардлага байгаа нь үнэн. Гэхдээ юуг яаж өөрчилж шинэчлэх гээд байгаа вэ гэдгээ тодорхой гаргаж тавих хэрэгтэй л дээ. Тэгэхгүйгээр намын даргаа өөрчилснөөр шинэчлэгдэнэ, ингэснээр энэ нам асуудалгүй болоод явна гэж үзэж байгаа бол том эндүүрэл. Нөгөө талаас намын үйл ажиллагаанд утгаа алдаад, асуудлын араас нь хөөгөөд байгаа юм шиг зүйл харагдаад байгааг нуухгүй хэлэх хэрэгтэй. Нэгэнт цөөнх болсон учраас намаа шинэчилнэ, даргаа солино гэдэг асуудал одоо ярих асуудал мөн үү гэдгийг сайн бодох хэрэгтэй л дээ. Цөөнх болсон үед бидэнд эв нэгдэл маш их хэрэгтэй байгаа. Нөгөө талаас манай намд ард түмнийхээ дэмжлэгийг авах, итгэлийг хүлээх гэхээс илүү нам дотроо олонх болох гэсэн дутагдлаасаа салах хэрэгтэй. Тиймээс би энэ намын залуучуудын хэлээд байгаа зүйлд авах гээхийн ухаанаар хандах хэрэгтэй л гэж харж байгаа. Хамгийн гол нь өнөөдөр бидэнд эв нэгдэл чухал байна. Нөгөө талаас нам дотроо олонх болох гэсэн хачин сэтгэхүйгээр ажилладаг арга барилаасаа салах хэрэгтэй гэж бодож байна.
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин