УИХ-ын гишүүн асан Р.Раш “Би энэ хуралд урилгаар оролцож байна. Залуучуудын намыг шинэчлэх зорилгыг дэмжиж байгаа хүний нэг. Манай намд дорвитой шинэчлэл үгүйлэгдэж байна. Их хурлаа ч хуралдуулах цаг болсон. Хугацааг хойшлуулаад байх шаардлагагүй. Ойрын хугацаанд зохион байгуулах хэрэгтэй гэж бодож байна. Ер нь гишүүдийн дунд МАН, МАХН хоёрыг эргэн нэгдэх талаар ярилцах, зөвшилцөхийг хүсч байгаа цөөнгүй хүн бий. “Эвт шаазгай буга барина” гэдэг. Үүсэл гарал нэгтэй хоёр нам нэгдэхгүй юмаа гэхэд харилцан ойлголцох, цаашид хамтран ажиллах хэрэгтэй байна” гэлээ.
Тэгвэл МАН-ын гишүүн Б.Ганхуяг “Намын хувьд 2011 оноос шинэчлэгдэх талаар ярьж байсан ч өнөөдрийг хүртэл тодорхой шинэчлэл хийгээгүй. Томоохон намын бодлого гэдэг нь төрийн бодлого шийдвэрийн уг үндэс болж явдаг. Тиймээс манай намд шинэчлэл хийх цаг болсон байна. Шинэчилнэ гээд хэн нэгнийг халж солихдоо биш. Хамгийн чухал нь бодлого, үйл ажиллагаандаа дорвитой өөрчлөлт хийх нь чухал” гэв. Бага хурлын гишүүн Т.Аюурсайхан “Намын шинэчлэх тухай ярихаасаа өмнө бид жирийн гишүүд юу гэж хүсэж байгааг эхлээд санал асуулга явуулан судалсан. Санал асуулгад намын нийт 2252 гишүүдээс “Намыг бодлогын хүрээнд шинэчлэх хэрэгтэй юу” гэсэн асуултаар хариу авсан. Харин судалгааны үр дүнд 78.3 хувь нь шинэчлэх хэрэгтэй гэсэн хариултыг өгсөн байна. Эдний 45.6 хувь нь иж бүрэн шинэчлэх хэрэгтэй гэсэн бол 63.3 хувь нь шинэчлэл хийсэн тохиолдолд цаашид намаа дэмжинэ гэж мэдэгдсэн. Намдаа итгэл алдарсан шалтгаанаа гишүүд намын эрх мэдэлтэй томоохон даргууд авлигын хэрэгт ороогдож нийгэмд нэр хүнд нь унаж байгаатай холбон тайлбарласан байна билээ. Мөн сонгуульд ялагдсан шалтгааныг намын лидерүүд “Шаардлагатай арга хэмжээ авч чадаагүй” гэж тайлбарласан байгаа. Харин намынхаа мэдээллийг ямар аргаар хүргэж байвал гишүүдэд болон ард олонд илүү нийцэх вэ гэсэн асуултанд ихэнх залуус онлайн маягаар тараахыг хүссэн бол ахмад настангууд уулзалт зохион байгуулах хэрэгтэй гэсэн хариулт өгсөн. Тиймээс нийт гишүүдийн бараг 80 хувь нь шинэчлэх хэрэгтэй гэж үзсэн учир намын дотоод бодлогыг яаралтай шинэчлэх цаг нь болсон гэж бид үзэж байна.
Их хурлыг нийгэмд ил тод байдлаар, хэвлэл мэдээллийнхнийг өргөнөөр оролцуулж хийх хэрэгтэй гэж үзэж байгаа” гэлээ.