
Фото: David Moir / Reuters
Шотландын Засгийн газрын бэлтгэсэн баримтад бие даасан парламентын сонгуулийг 2016 оны тавдугаар сард явуулахаар тусгажээ. Мөн “Шотландын ард түмний үнэт зүйлсийг тогтоосон” өөрийн гэсэн Үндсэн хуулийг батлах шаардлагатайг дурджээ.
Шотландын Ерөнхий сайд Алекс Сэлмонд (Alex Salmond) бүх нийтийн санал асуулгын дараа болох хэлэлцээрт Британийн сайд нарыг нэгдэхийг уриалсан байна. Сэлмонд санал асуулгын үр дүнд эргэлзэхгүй байгаа бололтой. Харин Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон өмнө мэдэгдэхдээ, Шотландын тусгаар тогтнолын талаар бүх нийтийн санал асуулга хүртэл хэлэлцэхгүй гэснийг “The Daily Telegraph” сонинд өгүүлсэн байна.
Британийн Засгийн газар нь Шотландын үндэсний нам хүчээ буруу хуваарилж, санал асуулгын дараах ажиллагаанд хэтэрхий их анхаарч байна гэв. Британийн Засгийн газрын Шотландын хэргийг хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Майкл Мур орон нутгийн эрх баригчдад хандан эдийн засгаас эрчим хүч хүртэлх амьдралын янз бүрийн салбарт бодит бие даасан тусгаарлалтыг өгөх талд анхаарлаа төвлөрүүлэхийг зөвлөв.
Бүх нийтийн санал асуулгыг 2014 оны намар явуулахаар төлөвлөсөн ба харин яг хэзээ гэдгийг эцэслэн тогтоогоогүй байгаа. Шотландын Засгийн газар шотландчуудаас “Шотланд тусгаар тогтносон улс байх ёстой юу?” гэсэн асуултын хариуг авах юм. Хоёрдугаар сарын 4-нд нийтлэгдсэн санал асуулгын дүнгээр, хүн амын 32 хувь нь тусгаарлахын төлөө байна гэж “Scotsman” сонинд өгүүлжээ. Санал асуулгад оролцогсдын 47 хувь нь Их Британиас салах хүсэлгүй байна. Өөр 20 хувь нь хариулахад бэлэн биш гэнэ. Зөвхөн нэг хувь нь бүх нийтийн санал асуулгад оролцохгүй гэжээ.